Душанбед болох дээд хэмжээний уулзалтын үеэр ШХАБ эгнээгээ өргөтгөнө

Душанбе хотноо энэ сарын 16-17-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн улсуудын дээд хэмжээний уулзалтаар тус байгууллагын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх талаар шийдвэр гарах төлөвтэй байгаа тухай ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов мэдэгдэв.

“Манай гишүүн улсуудын удирдагчид шинээр яриа хэлэлцээний түнш статус олгох, ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх асуудлыг эхлүүлэх зэрэг ШХАБ-ын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх талаар шийдвэр гаргана” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Норовын хэлснээр, “ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурлын үеэр гарын үсэг зурах баримт бичгийн баттай жагсаалт бэлэн болжээ”. Эдгээр баримт бичгийн дөрөвний гуравт нь төрийн тэргүүн нар, үлдсэнд нь яам, газар, олон улсын байгууллагын дарга нар гарын үсэг зурж баталгаажуулах юм байна.

Душанбед болох энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх, Египет, Катар, Саудын Араб улсуудад яриа хэлэлцээний түншийн статус олгох шийдвэрийг гаргах төлөвтэй байна гэж Тажикистаны Гадаад хэргийн яамны Мэдээлэл, хэвлэлийн газар урьд нь мэдээлж байсан юм.

ШХАБ-ыг байгуулах тухай тунхаглалд Казахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикистан, Узбекистан улсууд 2001 оны зургадугаар сард Шанхай хотноо гарын үсэг зурж, 2017 онд Энэтхэг, Пакистан ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагч дөрвөн орон (Афганистан, Беларусь, Иран, Монгол), яриа хэлэлцээний зургаан түнш улс (Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри Ланка) байдаг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн