Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт орших Жуковын талбайн ард УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын компани 16 давхар орон сууц бүхий барилга барихаар бэлтгэлээ хийж байгааг тус газрын ойролцоо оршин суугчид эсэргүүцэж байгаа. Иргэд амарч, хүүхдүүд тоглодог талбайг бүхэлд нь хашиж, нийслэлийн дулаан, сантехникийн хоолойг гэмтээн газар ухаж байгаа компанийн үйл ажиллагааг зогсоож, нийтийн эзэмшлийн талбай болгохыг иргэд хотын захиргаанаас шаардаж байгаа юм.
Энэ маргаан өчигдөр (2021.09.15) Засгийн газрын хуралдаан дээр яригдсан байна. Энэ асуудал өнгөрсөн зун, зургадугаар сард мөн Засгийн газрын хуралдаанаар хөндөгдсөн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг даргад Жуковын талбайн газар буюу БЗД-ийн 4-р хороонд байрладаг газрыг чөлөөлөх үүргийг өгсөн ч компани өнөөдрийг хүртэл барилга барих ажлаа зогсоосонгүй.
Гурван сарын өмнө Л.Оюун-Эрдэнэ ААН-д өгөгдсөн газар эзэмших зөвшөөрлийг цуцлан, нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах үүргийг Хотын дарга Д.Сумъяабазарт өгсөн бол өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн газрын маргааныг дахин шалгаж үзээд Засгийн газрын хуралдаанд танилцуул хэмээн мэдэгджээ. Мөн асуудлыг шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулах боломжтой гэсэн байр сууриа илэрхийлжээ.