АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй саяхан утсаар ярих үеэрээ түүнд биечлэн уулзах санал тавьсан боловч Ши Жиньпин энэ саналыг хүлээж аваагүй гэж “Financial Times” мэдээлжээ. Тус сонин мэдээллийг хоёр удирдагчийн ярианы талаар мэдээллэлтэй эх сурвалжуудаас авсан гэжээ.
Эх сурвалжууд Байден Ши Жиньпинтэй 90 минутын турш ярилцсан. Энэ үеэр нүүр тулан дээд хэмжээний уулзалт хийх санал тавьсан боловч зөвшөөрөл авч чадаагүй. Энэ нь АНУ-ын хэд хэдэн албан тушаалтанд Бээжин Вашингтонтой хатуу ширүүн тоглохоор шийдсэн байна гэдэг бодол төрүүлэхэд хүргэсэн гэжээ.
Мөн сонинд АНУ-ын Ерөнхийлөгч Америк-Хятадын харилцааг мухардмал байдлаас гаргахын тулд дээд хэмжээний уулзалт хийх саналыг гаргасан ч Хятадын дарга түүний саналын хариуд Вашингтон Бээжинг чиглэсэн хатуу ширүүн өнгө аястай мэдэгдэл хийхээ тэвчих ёстой хэмээн мэдэгджээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга түүнтэй уулзахаас татгалзсан гэх дээрх мэдээллийг няцаажээ. Хоёр орны удирдагчид Америкийн санаачилгаар энэ сарын 9-нд утсаар ярьсан. Энэ нь Байденыг Ерөнхийлөгчийн албан тушаалдаа томилогдсоноос хойш хийсэн хоёр дахь удаагийн утасны яриа байсан юм. Тэд эхний удаад долоон сарын өмнө буюу хоёрдугаар сарын 10-нд ярьсан байна.