Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 15-нд болсон ээлжит хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсэг байгуулах шийдвэр гарчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар гаруйн өмнө болсон “Цар тахлын үеийн эдийн засаг” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдаас уучлал хүсч “Өнгөрсөн 30 жилд хөрөнгө оруулагч нартай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайдын хувиар уучлал хүсэж байна.
Өнгөрснөө дүгнээд, ирээдүйгээ шинээр эхлэхийн тулд өөрөөс шалтгаалах бүх боломжийг ашиглана гэдгээ та бүхэнд амлах нь зүйтэй болов уу. Энэ дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар нэг байр суурьтай, нэгдмэл бодлоготой байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Бид гурвын дунд засаглалын ч юм уу ямар нэгэн зөрчил үүсэхгүй байх гэж бодож байна. Энэ нь хувь хүнээс илүүтэй Үндсэн хуулиар зохицуулагдах асуудал юм. Тиймээс тулга тойрсон биш илүү ирээдүйг харсан чиглэлд ажиллах болно” хэмээн мэдэгдэж байсан юм.