“Глобал витнесс” хүний эрхийг хамгаалах олон улсын төрийн бус байгууллага өнгөрсөн 2020 онд дэлхий даяар маш олон байгаль хамгаалагч, эко идэвхтэн амиа алдсан гэж мэдэгдэв. Тус газрын тайланд байгаль орчны төлөө тэмцэгч 227 хүний амь нас хохирсон болохыг дурдаад энэ нь дунджаар долоо хоног тутамд дөрөвөөс дээш тооны хүн ой мод, ус, байгалийн нөөц, хүрээлэн буй орчноо хамгаалан тэмцсээр амиа алдсан болохыг тэмдэглэжээ.
Мөн “Глобал Витнесс” энэ тоо нь өмнөх жилүүдээс өссөн. Хэрвээ зарим улс сэтгүүлчдийн эрэн сурвалжлах үйл ажиллагааг хязгаарладаггүй байсан бол үүнээс ч илүү хүн амиа алдсан байж магадгүй хэмээн тайландаа дурджээ.
Амь насаа алдсан экологи хамгаалагч идэвхтнүүдийн 3/2 хувь нь ой мод огтлох, ашигт малтмал олборлох, далан, усан цахилгаан станцын барилгын ажил гэх мэт экологид сөргөөр нөлөөлөх асуудлыг эсэргүүцэж байжээ. Тайлангаас үэхэд, Никарагуа, Хондурас, Колумб, Гватемал, Филиппин улс эко идэвхтнүүдийг хамгийн ихээр хөнөөдөг улс орнуудыг тэргүүлж байна.
Тухайлбал, газар нутаг, ой мод, коканы ургацаа хамгаалсан 65 нутгийн уугуул иргэн Колумбад амиа алдсан бол Мексикт халдлагад өртсөн хүмүүсийн 30 орчим хувь нь ой мод огтлохтой тэмцсэн аж. Энэ улсад байгаль хамгаалагч 30 идэвхтнийг хороожээ.
Харин Филиппинд ашигт малтмалын олборлолт, ой мод бэлтгэл, далангийн төслийг зогсоохоор тэмцсэн 29 хүн бусдын гарт амиа алджээ. Мөн 2020 онд амиа алдсан, арван эко тэмцэгийн нэг нь эмэгтэйчүүд байна. Энэ нь эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулан сүрдүүлдэг, олон оронд эмэгтэйчүүд өөрийн эрх ашгийн төлөө дуугарч тэмцэх боломж байдаггүйтэй холбоотой гэж “Глобал Витнесс” тайландаа бичжээ.
Тус байгууллага ирэх 11 дүгээр сард Глазго хотод болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 26 дугаар бага хурлын үеэр эрүүл, аюулгүй, тогтвортой байгаль орчинд аж төрөх эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхийг уриалжээ.