Хятад улс хүн амынхаа 95% буюу Сан-Мариногоос илүү хувьтай дархлаажуулалтад хамруулсан хэдий ч аюулгүй болсон гэж үзэхгүй байна. Тэнд зүүн хэсгийн Фужиань мужид коронавирусийн шинэ дэгдэлт гарсан гэнэ. Хэдийгээр шинээр халдвар авсан хүмүүсийн тоо 100 хүрэхгүй ч БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос түгшүүр зарлаж, иргэдээ толгой дараалан шинжилгээнд хамруулж эхэлжээ.
Хүнгүй гудамж, хашаа болгонд пост ажилуулсан байдалтай. Хэнийг ч оруулахгүй, гаргахгүй байх зэрэг Хятадад авдаг ковидтой тэмцэх стандарт схемийг эргийн Путянь хотод хэрэгжүүлж байна. Зурагтаар дан коронавирусийн шинэ голомт гарлаа гэсэн түгшүүр зарлаж байгаа аж. Амралтын өдрүүдэд 86 хүн халдвартай гэж гарсны тал хувь нь шинж тэмдэггүй. Хотын захиргаа (ийм тохиолдолд ихэвчлэн албан тушаалтнуудыг халах арга хэмжээ авдаг) ямар арга хэмжээ авах талаар шуурхай хуралдаан зохион байгуулжээ.
“Бид эерэг тохиолдол бүрт тархварын шалгалт явуулж, 841 хүн хавьтагч болсныг олж тогтоосон” гэж Путянь хотын Засгийн газрын орлогч тэргүүн Ху Гофан мэдэгджээ.
Гуравхан хоногийн дотор хотын бүх иргэнийг PCR шинжилгээнд хамруулав. Бүр бага насны хүүхдүүдээс ч хүртэл арчдас авчээ. Бүхэл бүтэн дүүргээр нь хааж, иргэд нь үүнд нь баярлаж байгаагаа илэрхийлжээ.
“Бид 36 хоног тусгаарлагдсан. Гэхдээ энэ бол Ухань шиг удаан хугацаа биш. Энэ бол бидний коронавирустэй тэмцэхэд улс орондоо оруулж буй хувь нэмэр. Бид ухамсартай байх ёстой” хэмээн Зян Жиинь мэдэгджээ.
Иймэрхүү шинэ дэгдэлт бүрийг Хятад даяар агшин зуурт мэдэрч, хүлээн авдаг. Түүгээр ч барахгүй эрсдэлийн бүсээс хэдэн мянган километрийн цаана ч шалгалтын ажиллагааг чангатгадаг. Хот хоорондын ямар ч хөдөлгөөнийг хянадаг байна. Харин одоо хаа нэгтээ нисэхийн өмнө аюул, эрсдэлтэй бүсэд сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд байгаагүй гэдгээ батлах ёстой болдог аж. Ингэхгүй бол оруулахгүй. Гартаа PCR-ын сөрөг шинжилгээний хариу, эсвэл вакцин хийлгэсэн гэрчилгээ байгаад ч нэмэргүй.
Бас нэг шинэ тогтоол гарсан нь тарилга хийлгээгүй хүмүүс дэгдэлтийн шалтгаан болбол нутгийн захиргаанаас өөр өөрсдийн журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ. Зяньси, Аньхой мужуудад бүх албан тушаалтан, төрийн өмчит компанийн ажилтнууд, намын гишүүдийг вакцинд хамруулахыг үүрэг болгосон бол Эжоуд тарилгын цэгүүдэд өсвөр насны бүх хүүхдийг аваачиж байна. БНХАУ-д хүүхдүүдийг дархлаажуулах нь нэн тэргүүний алхам болоод байгаа юм.
“Дэлхийн дахинд хүүхдүүдийн дунд халдварын тархалт үргэлжилсээр байна. Нэгдүгээрт, одоо давамгайлж буй дельта омгийн улмаас, хоёрдугаарт, өндөр настай хүмүүс болон зарим тусгай ангиллаас вакцинжуулалтыг эхлүүлсэн. Үүний үр дүнд COVID-19 өвчин дархлаатай хүүхдүүдийн бага хувийг эзэлж байна” гэж БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дархлаажуулалтын хөтөлбөрийн ерөнхий мэргэжилтэн Ван Хуакин хэлэв.
Хятадын хотуудын насанд хүрсэн хүн амын 95 хувь нь вакцинд хамрагдсан бөгөөд зарим нэг газар, жишээ нь Бээжинд 98 хувь нь вакцинд хамрагджээ. Тус улс аль хэдийн 2 тэрбум гаруй тун вакциныг нэвтрүүлээд байна. Мөн тэд хүрээгээ тэлж байна. 10-р сараас эхлэн дельта омгийг харгалзан бүтээсэн зургаа дахь вакцины үйлдвэрлэл эхэлнэ.
Үүнээс гадна Хятадад халдварын эсрэг арга хэмжээ загварын ертөнцөд ч хүрчээ. Бээжингийн загварын долоо хоногийн үеэр эмнэлгийн хувцасны коллекци нээгдсэн байна. Хятадууд цар тахлын үеэр ч ашиг олоход бэлэн байгаа аж. Ерөнхийдөө энэ шоугаар олон хүн загварын ертөнц хурдан өөрчлөгдөж буйг харсан юм. Энэ нь хувцаслалт чиг хандлагад удаан хадгалагдахгүй гэсэн үг. Цар тахлын хувьд энэ дүрэм Хятадад хараахан хэрэгждэггүй байна.
Эх сурвалж: Smotrim.ru