МҮХАҮТ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт танилцуулсан “Их Сэргэлт” санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд цар тахлын улмаас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлт, тулгарч буй хүндрэл, шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилгоор “Бизнесээ сэргээхэд тулгарч буй бэрхшээл, дэмжлэг тодруулах” судалгаа явуулжээ. Энэ оны 8 дугара сарын 30-наас 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд цахим хэлбэрээр явагдсан судалгаанд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 1349 бизнес эрхлэгчид оролцжээ.
Засгийн газраас цар тахлын үед бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодруулахад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 61% нь ус цахилгаан, дулааны төлбөр хөнгөлөх, чөлөөлөх дэмжлэг авсан, 44% нь НДШ-ийн хөнгөлөлтөд, 17% нь 3 хувийн зээлд хамрагдсан. Харин 24% нь ямар нэг дэмжлэг аваагүй байна. Судалгаанд оролцсон 3 хувийн зээлийн хүсэлт гаргасан бизнес эрхлэгчдийн 58% нь энэ зээл нь бизнест тодорхой хэмжээнд дэмжлэг болсон гэжээ.
Цаашид эдийн засгийг сэргээхэд хөнгөлөлттэй зээл олгохдоо зээлийн нөхцөл шаардлагыг сулруулах (64%), барьцаа хөрөнгийн шаардлагад дэмжлэг үзүүлэх (55%), зээлийн хугацааг нэмэгдүүлэх (50%) зэргийг анхаарах хэрэгтэй байна. Эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд барьцаа хөрөнгийн дэмжлэг, завсрын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд зээлийн
хугацааг уртасгах, тээвэр зуучийн компаниудад зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нь хамгийн чухал байна.
Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 83% нь цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээ нь хөл хорио тогтоохгүй байж, бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд нөлөөлж байна гэжээ.
Бизнес эрхлэгчид үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор дижитал шилжилттэй холбогдох техник технологийн өөрчлөлт (52%) хийх, хүргэлтийн болон цахим үйлчилгээ нэвтрүүлэх, төлбөрийн илүү уян хатан нөхцөл санал болгох, харилцагчдад үйлчлэх үйлчилгээг илүү идэвхжүүлэх зэрэг үйлчлүүлэгчид чиглэсэн өөрчлөлт, шинэчлэлт хийсэн байна.
Ковидээс сэргийлэх, хөл хорионы хязгаарлах арга хэмжээ нь бараа, үйлчилгээний эрэлт буурах (51%), эргэлтийн хөрөнгийн хомстолд орсон (51%), тээвэр логистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй (43%) байгаа зэргээр бизнест голлон нөлөөлж байна. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, үйлчилгээний бизнес эрхлэгчид эргэлтийн хөрөнгийн хомстолд орсон байгаа бол
завсрын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, тээвэр зууч эрхлэгчдийн хувьд тээвэр логистик доголдсоноор бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй байна.
Бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад тулгарч буй хамгийн хүндрэлтэй саад бэрхшээлийг эрэмбэлэхэд (1) бэлэн мөнгөний (эргэлтийн хөрөнгийн) хомстол (2) бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал, (3) тээвэр ложистиктой холбогдох удаашрал, тасалдал гэсэн 3 асуудал хамгийн хүндрэлтэй байна. Орон нутгийн бизнес эрхлэгчдийн хувьд бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл
байдал хүндрэл үүсгэж байна.
Цаашид бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах болон сэргээхэд нийт судалгаанд оролцогчдын 36% нь засгийн газрын 3 хувийн зээл, 27% нь банкны бизнесийн зээл, 28% нь өөрийн эргэлтийн хөрөнгөөр санхүүжүүлж (төлөвлөж) байгаа бол, 29% нь ямар нэг эх үүсвэр байхгүй байна. Эцсийн болон завсрын бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэгчид засгийн газрын 3 хувийн зээл болон банкны бизнесийн зээлээр
санхүүжүүлж (төлөвлөж) байна.
Бизнесээ сэргээхэд шаардагдах дэмжлэгээр санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгох (53%), ААН-ийн албан татварыг хойшлуулах хөнгөлөх (43%), бизнесийн үйл ажиллагааг сэргээхэд төрийн нэгдсэн зохицуулалт хийх, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлд анхааран ажиллах (37%) зэргийг нэрлэжээ. Мөн эцсийн болон завсрын бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч бизнес
эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг, тээвэр зуучийн аж ахуйн нэгжүүдэд тээвэр ложистикийн нөхцөлийг сайжруулах, бизнесийн үйл ажиллагааг сэргээж, хэвийн явуулахад төрийн нэгдсэн зохицуулалт хийж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулан ажиллах хэрэгтэй байна.
Судалгаанд оролцогсдын 60 орчим хувь нь байгууллагаас болон ажилтнаас суутгадаг НДШ-ээс чөлөөлөх, НӨАТ-ыг ижил суурьтай болгох (36%) нь бизнесээ сэргээхэд бодит дэмжлэг болно гэжээ. Түүнчлэн ковидийн үед үйлдвэр шинээр барих, өргөтгөх болон том төслүүдийн бүтээн багуулалттай холбогдох тоног
төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх, уурхайн бус үндэсний үйлдвэрлэгч, жижиг дунд үйлдвэрийг дэмжсэн татварын бодлого шаардлагатай байна гэсэн байна.
Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 60% нь манай улсын эдийн засаг нэг жилээс дээш хугацааны дараа хэвийн түвшинд орно гэж таамаглаж байна. Харин бизнес эрхлэгчдийн 21% нь ирэх 6-12 сарын хугацаанд, 42% нь нэгээс дээш жилийн дараа бизнесийн орлого эргээд хэвийн түвшиндээ очно гэсэн хүлээлттэй байна.