Энэтхэгийн Карнатака мужийн засаг захиргаа хөрш Керала мужид нь аюулт нипах вирус илэрсний дараа хэд хэдэн бүсээ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ. Үхлийн аюулт уг вирус Энэтхэгийн Керала мужид 11 хүнээс илэрсэн ч биеийн байдал нь тогтвортой байна. Тэд бүгд нипах вирусээр нас барсан 12 настай хүүхэдтэй ойрын хавьтагчид аж. Хүү насны барсны дараа мужийн эмч мэргэжилтнүүд 251 хүнийг шалгажээ.
Карнатака мужийн ЭМЯ-ны зөвлөмжид Керала мужаас ирсэн хүмүүсээс чичрүүдэс хүрэх, сэтгэц өөрчлөгдөх, бие огцом сулрах, толгой өвдөх, амьсгал алдагдах, ханиалгах, бөөлжис хүрэх, булчин өвдөх, гүйлгэх шинж илэрч байгаа эсэхийг хянахыг зөвлөжээ. Одоохондоо уг мужид аюултай өвчний нэг ч тохиолдол илрээгүй байна.
Нипах вирус нь нисдэг үнэг, сарьсан багваахайгаар дамжин халдварладаг. Вирус ихэвчлэн хүнсэндээ халдвар тээгч амьтны шүлстэй жимс хэрэглэснээс болж үүсдэг байна. ДЭМБ энэ вирусийг дэлхийн хамгийн аюултай вирусийн нэг гэж үздэг. Учир нь түүний эм, вакцин байхгүй бөгөөд нас баралт 40-75%-тай аж.
Эх сурвалж: РИА