Кардиффын Өмнөд Уэльсийн их сургуулийн нэгэн оюутан байрны түрээс, хоол хүнс, зугаа цэнгэл гээд бүхий л хэрэгцээгээ хангаж чадахгүйгээ мэдмэгц үнэгүй хооллох зальжин арга бодон олж чаджээ.
25 настай Жордан Вайдала хичээлийн хажуугаар техникийн тусламжийн албанд бүтэн бус цагаар ажилладаг байв. Гэвч түүний цалин, оюутны тэтгэмж амьдралд нь хаанаа ч хүрэлцэхгүй байсан тул зардлаа танахын тулд хүнсний дэлгүүр орохоо больжээ. Гэхдээ залуу эр өлсөхийн зовлон үзсэнгүй. Тэрбээр хаана үнэгүй хоол сайн идэх вэ гэдгийг олжээ.
Нутгийн казиногийн тоглогчид швед хоолны үйлчилгээг үнэгүй авдаг гэдгийг мэдээд тэдний нэг болон бүртгүүлжээ. Ингээд даваа гараг бүр өглөөний 04 цагт ирж, ходоодоо 4 таваг хоолоор дүүргэдэг байв.
Харин мягмар, пүрэв гарагуудад лекцээ тараад хотын төвийн кафе, ресторануудаар орж, эзэдтэй нь хаасны дараа үлдсэн хоолыг нь авна гэж тохиролцох замаар гэдсээ дүүргэнэ. Гэртээ хачиртай талх, жигнэмэг, бялууны хэлтэрхийтэй харьдаг байв.
Амралтын өдрүүдэд гэрийнхээ ойролцоох нийтийн хоолны цэгүүдийн хоолны үлдэгдлийг цуглуулна. Ихэвчлэн түргэн хоол байдаг учир чипс, бургер, тахианы далавч зэргээр дутна гэж үгүй. Энэ байдлаар хоёр жилийн турш хооллож, их сургуулиа 3000 фунт стерлингийн хэмнэлттэйгээр төгсжээ. Жордан мөнгө хэмнээл зогсохгүй хаях гэж байсан хоол хүнсийг идэж, байгаль орчинд эергээр нөлөөлсөн гэж бахархан ярьдаг байна.
Эх сурвалж: Mir24.tv