Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван Eagle телевизийн мэдээллийн хөтөлбөрт зочноор оролцож криптовалютын эрсдэл болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
-Сүүлийн үед иргэд криптовалют, койнд ихээр хөрөнгө оруулж байна. Монголбанк энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Монголбанкны байр суурь маш тодорхой. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд зах зээлд гараад буй койнууд, бүх төрлийн криптовалют нь төлбөрийн хэрэгсэл болохгүй. Ард иргэд сүүлийн үед гарч буй койнуудад их хэмжээний хөрөнгө оруулж, худалдан авч байна. Монголбанк энэ тал дээр байнгын анхааруулга гаргаж байгаа. Иргэд эдгээр койнууд болон криптовалютыг худалдаж авснаар өөрийн оруулсан хөрөнгөө алдах, зарим тохиолдолд цахим залилан зэрэг санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй гэж үзэж байна.
Тиймээс Монголбанк зах зээл дээр зохицуулалтгүй байгаа шинэ төрлийн койн, криптовалютад хөрөнгө оруулахдаа маш болгоомжтой хандаж, эрсдэлээ бүрэн дүүрэн тооцохыг зөвлөж байна. Хэн нэгэн хүн 100 төгрөгөөр койн авлаа гэж бодъё, тэр хүн өөр нэг хүнд 150 төгрөгөөр зарж байж л ашиг олно, авсан хүн нь дараагийхаа хүнд 200 төгрөгөөр гэх мэт. Тэгэхээр энэ процесс хэзээ нэгэн цагт дуусна л гэсэн үг.
-Эрсдэл байгаа гэдгийг Монголбанк удаа дараа анхааруулсан байна. Гэхдээ зарим нь мөнгө олоод байгаа учраас хүмүүсийг илүү татаад байгаа хандлага байна?
-Койн гаргаснаар олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх процесс явагдаж байна. Гэхдээ хөрөнгө татан төвлөрүүлэх үйл явц нь ардаа хэд хэдэн зохицуулалттай байдаг. Виртуал хөрөнгийн тухайд одоогоор ямар нэгэн зохицуулалт байхгүй. Зохицуулалттай зах зээл буюу бонд, компанийн хувьцаа зэргийн ард үйлдвэрлэл, үйлчилгээ явагдаж байгаа буюу бодит үнэ цэнээр илэрхийлэгддэг. Криптовалют, койны хувьд ямар нэгэн бодит үнэ цэнэ байхгүй. Харин амар хялбар аргаар, хурдан хугацаанд мөнгө олох гэсэн хүмүүсийн сэдэл байна. Энэ олон хүний сэдлийн нийлбэр нь криптовалют, койнд хөрөнгө оруулах иргэдийн сонирхлыг нэмэгдүүлж байгаа. Бодит үнэ цэнэгүй, хийсвэр зүйлд хөрөнгө оруулснаар иргэд оруулсан хөрөнгөө алдах өндөр магадлалтай гэдгийг дахин хэлье.
-Зарим орнууд үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөд, зарим тохиолдолд койноороо гадаадаас бараа бүтээгдэхүүн хүртэл худалдан авах боломж нь нээлттэй байгаа юм биш үү. Өөрөөр хэлбэл дэлхийн чиг хандлага дэмжих тал руугаа байгаа харагдаж байна?
-Дэлхий нийтэд койноор төлбөр тооцоо хийж байгаа хүрээ нь маш хязгаарлагдмал. Тухайн аж ахуйн нэгж өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах эрх олгоно гэдэг нь төлбөр тооцоонд нийтээрээ хүлээн зөвшөөрөгдөхөөс ялгаатай ойлголт. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу Монголбанк цахим мөнгөний зөвшөөрөл олгодог. Криптовалютыг цахим мөнгөний зөвшөөрөлтэй андуурах тохиолдол их байна. Тэгэхээр олон улсын түвшинд криптовалютаар албан ёсны төлбөр тооцоо хийж буй орон байхгүй. Цаашдаа ч төлбөрийн хэрэгсэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн чиг хандлага дэлхий дахинд байна. Учир нь криптовалют нь peer to peer буюу хоёр харилцагч дундын зуучлагчгүйгээр харилцаанд орж байгаа учир хяналтгүй. Мөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл учраас үнэ цэнэ нь хэлбэлзэж байдаг. Тэгэхээр үнэ нь хүчтэй хэлбэлзэж буй зүйлээр төлбөр тооцоо гүйцэтгэх нь хууль эрх зүй, санхүү, логикийн хувьд боломжгүй.
-Криптовалют нь мөнгө угаалтын хэрэгсэл болж магадгүй байна. Энэ тал дээр иргэд хэрхэн сэрэмжтэй хандах вэ?
-Криптовалют нь блокчэйн буюу тархмал бүртгэлийн технологи дээр үндэслэгдсэн байдаг. Энэ нь дундын зохицуулагчгүйгээр иргэд, ААН хоорондоо мэдээлэл буюу эд хөрөнгө солилцож байгаа арга хэрэгсэл. Зуучлагч байхгүй учраас иргэн, ААН-ийн эд хөрөнгө юунд ашиглагдаж байгаа нь тодорхойгүй бөгөөд үүгээр дамжаад олон улсын хориг арга хэмжээнд хамрагдсан байгууллага, хувь хүн ашиг олж, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах хэрэгсэл болгож байх өндөр магадлалтай учраас олон улсын Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас /FATF/ виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг байнга зохицуулж, мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлж байх шаардлагыг дэлхий нийтэд тавьж, бүх орнууд мөрдөж байна.
-Иргэд залилуулах зэрэг санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлийн тухайд?
-Койн гаргасан иргэн, ААН гэнэт алга болох, серверээ унтраахад л тухайн койныг авсан иргэн дараагийн хүн худалдаж авахгүй бол мөнгөө алдана гэсэн үг. Үүнтэй холбоотой нэг статистик гарсан байсан. Дэлхий дээр гараад буй нийт койнуудын 97 хувь нь амжилтгүй болж байгаа буюу зах зээлд амьдарч чадахгүй байна. Тэгэхээр 97 хувьд нь хөрөнгө оруулсан иргэн, ААН хөрөнгөө алдаж байгаа гэсэн үг.
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах гэж байна. Энэ асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах шаардлага үүссэн гэж ойлгож болох уу?
-Нэгэнт харилцаа нь үүсээд явж байгаа учраас зохицуулах шаардлагатай байгаа. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, зах зээлийн харилцаа буюу виртуал хөрөнгийн өөрийнх нь өсөлт бууралтыг бус виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу койныг анх гаргаж байгаа, зуучилж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулна. Тэгэхээр хөрөнгө оруулагчийн эрсдэлийг төр хариуцахгүй бөгөөд хөрөнгө оруулагчид бие дааж шийдвэрээ гаргана. Гол нь энэ хуулиар виртуал хөрөнгө гаргагч, зуучлагч биржүүдийн үйл ажиллагааг зохицуулна гэдгийг онцлон дурдъя.
-Криптовалют нь биет бус зүйл. Үүнийг хуулиар зохицуулах нь амьдрал дээр хэр боломжтой вэ?
-Дийлэнх орон виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлжүүлэх замаар л зохицуулж байна. Криптовалюттай холбоотой технологийн зах зээл хурдацтай хөгжиж байгаа. Дэлхийн олон орон үүнийг яаж зохицуулах учраа төдийлөн олоогүй. Гэхдээ үүнээс гарах эрсдэлийг олон орны төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагууд иргэддээ урьдчилан анхааруулж байгаа. Монголбанк, СЗХ ч энэ чиглэлд голлон ажиллаж байна.
Тухайн иргэн, ААН гэрээний үндсэн дээр хөрөнгө оруулж, койноо худалдаж авч байгаа. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад 2021 оны 5-р сард өөрчлөлт орж криптовалют, койныг үүсмэл санхүүгийн хэрэгслээр бүртгэнэ гэж заасан. Тэгэхээр энэ нь цаг хугацааны явцад олон хүчин зүйлсийн нөлөөнөөс хамааран ханш нь хэлбэлзэж, өртөг нь өөрчлөгдөж байдаг хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж нягтлан бодох бүртгэлийн зүгээс үзэж байна гэсэн үг.
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдах хүрээнд өөр ямар хуульд зохицуулалтууд орж байгаа вэ?
-Энэ хуулиас гадна хэд хэдэн хуульд дагалдах өөрчлөлт орж байна. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь мэдээлэх үүрэгтэй этгээд болж байгаа. Мэдээлэх үүрэгтэй этгээд нь тус хуулийн дагуу хэд хэдэн үүрэг хүлээнэ. Хамгийн том үүрэг нь сэжигтэй мөнгөн гүйлгээг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлж, харилцагчийг таньж мэдэх үүргээ заавал хэрэгжүүлж байх ёстой. Тухайн харилцагч сэжигтэй мөнгөн гүйлгээ хийсэн тохиолдолд Монголбанканд мэдээлснээр Санхүүгийн мэдээллийн алба хууль хяналтын байгууллагатай хамтраад шалгана гэсэн үг. Тэгэхээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болгож Монголбанк олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэсэн үг.