Цар тахлын нөлөөнд өртсөн экспортын үйл ажиллагаанд оролцогч ААН, компаниуд, тээвэрчид Засгийн газарт шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс зарим тээврийн хэрэгсэл 53 хоног дугаарлаж байж хил гарч байхад, зарим нь долоо хоногт хоёр удаа хил гардаг шударга бус үйлдэл удаа дараа давтагдах болсныг хэлж байв.
Мөн дээр дурдсантай төстэй олон шударга бус байдлаас үүдэн тээвэрчдийн төлөөлөл Гашуунсухайт хилийн боомтын Бүрэн эрхт захиргааны дэд дарга Н.Амарзаяад санал хүсэлтээ өгөхөөр Цагаан хадны гуравдугаар постонд очиж гурав хоног хүлээсэн ч гарч ирж уулзахгүй байгаа аж. Тиймээс энэ албан тушаалтныг ажлыг нь хийлгэх эсвэл буцаан тат гэсэн шаардлыг тээвэрчид тавьж байгаа ажээ.
Гашуунсухайт боомтод тээвэр хийдэг жолооч нарын төлөөлөл ийн ярьж байна: БНХАУ-ын тал руу 100 гаруй жолооч ороход 2-3 тохиолдлоос нь халдвар илэрвэл бүгдийг нь буцаан татаад Улаанбаатар руу буцаадаг. Цөөн хэдэн хүнээс болоод маш олон хүн хохирч байгаа. Тэнд байгаа тусгаарлах байр шаардлага хангахгүй байгаагаас үүдэлтэйгээр Улаанбаатараас эрүүл очсон жолооч тусгаарлах байрнаасаа халдвар авч байна.
Мөн шинжилгээ өгөөд сөрөг гараад хилээр гарсан жолооч БНХАУ-ын талд очоод шинжилгээ өгөхөөр эерэг гарчихдаг. Ингээд бөөнөөрөө буцаад хөөгдөөд орж ирээд, Улаанбаатар руу буцдаг. Энэ нь монгол тээвэрчдийг хязгаарлаж, хятадын талаас тээвэрчдээ оруулах зорилготой үйлдэл гэж хардаж байгаа. Хэрвээ тээвэрчдийг хязгаарласаар байвал бид тэмцэнэ. Шаардлагатай гэж үзвэл үндэсний үзэлтэй хөдөлгөөнүүдтэй хамтарна” хэмээн мэдэгдлээ.
Шивээхүрэн боомтод тээвэр хийдэг жолооч нарын төлөөлөл: Тээврийн машинуудыг 90-ээр нь багцалж хил гаргадаг. Ингээд 90 жолоочийн нэгээс нь халдвар гарахад бүх хүнийг хил гаргах боломжгүй болгоод байгаа.
150 хүний багтаамжтай тусгаарлах байранд 200 гаруй хүнийг байрлуулахад гурван эерэг тохиолдол гараад ирсэн. Үүнээс нь болоод 200 гаруй жолоочийн эрх ашиг зөрчигдөж байна. Нэг уурхай дээр 150 машин явна гэчихээд долоо хоногийн дараа шийдвэрээ өөрчилчихдөг. Энэ маягаар үргэлжилсээр байвал монгол жолооч нар тээвэр хийх боломжгүй болох нөхцөл бүрдээд байна” хэмээн ярилаа.
Түүнчлэн жолооч нар мэдээлэл хийгээд эхлэхээр нөхцөл байдлыг нуух, хэвлэлийнхнийг нэвтрүүлэхгүйн тулд өнөөдрөөс Өмнөговь аймагт хөл хорио тогтоож байна гэдгийг тээвэрчид хэлж байв.