Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.09.09/ жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл, дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ.
Өргөө амаржих газрын АУ–ны доктор, Клиникийн профессор Ш.Цэрэнсамбуу: Амаржих газрууд Улаан бүс буюу коронавирусийн халдвар авсан эхчүүдэд үйлчлэх тасгийг тусад нь гаргасан. Тухайлбал, Өргөө амаржих газар 30 ортой COVID-19-ийн тасгийг ажиллуулж байсан. Гэвч эхчүүдийн дархлаажуулалтад хамрагдах байдал бага байсантай холбоотойгоор жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах халдварын тархалт ихэссэн тул орыг 80 болгож нэмэгдүүлээд байна.
Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцин нь сайн дурын үндсэн дээр хийлгэх ёстой ч жирэмсэн эхчүүд жирэмсний хоёрдугаар хагастаа заавал хамрагдах шаардлагатай байгааг хэлье. Учир нь коронавирусийн халдвар жирэмсэн эхчүүдэд ноцтой хүндрэл үзүүлж байна. Ялангуяа зүрх судасны өвчтэй, чихрийн шижин, таргалалттай болон элэг, бөөрний архаг өвчтэй эхчүүд амьсгалын дутмагшилд орж, ноцтойгоор хүндэрч байна.
Цаашлаад амьсгалын замын дутмагшилттай холбоотойгоор дутуу төрөлт ихэслээ. Үүнийгээ дагаад кесар хагалгаа эрс нэмэгдэж, дутуу төрөлтөөс үүдсэн нярайн эндэгдэл ч өндөр боллоо. Тиймээс эхчүүд дархлаажуулалтад заавал хамрагдахыг хүсмээр байна. Үгүй бол цааш дараалсан хүндрэлүүд явагдах эрсдэл үүсээд байна.
Энэ оны эхний долоон сарын байдлаар Өргөө амаржих газарт 5,800 эх амаржсан. Энэ нь өмнөх жилүүдийн мөн үеэс буурсан үзүүлэлт. Ингэхдээ хүүхдийн дутуу төрөлт, төрөхийн хүндрэл, нярайн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл ихэссэн нь коронавирусийн халдвартай холбоотой байна. Тиймээс жирэмсэн эхчүүдийг заавал дархлаажуулалтад хамрагдахыг дахин дахин хүсэж, сануулах шаардлага гарч байна хэмээн мэдэгдлээ.