Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тавих саналыг ХӨСҮТ болон эрдэмтдийн зөвлөлөөс гаргажээ. Оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт тодорхой хэмжээнд буурна гэж үзэж байгаа юм байна. Ялангуяа, 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул ийнхүү санал гаргажээ.
КОВИД-19 халдварын тохиолдол зургаадугаар сард болсон хоёр дахь давалгааны үеийг хэдийнэ давж, хоногт 3963 хүн халдвартай нь бүртгэгдэж байна. Есдүгээр сарын 8-ны байдлаар 19.440 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг гээд нийт 20 гаруй мянган орны нөөцтэй. Халдварын хоёр дахь давалгааны үед орны ачаалал хэтэрсэн талаар ЭМЯ мэдээлж байсан бол өнөөдөр тухайн үетэй харьцуулахад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 1000 гаруйгаар илүү байгаа юм.