Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
- 2021 оны Засгийн газрын шийдвэрийн биелэлтийн явцыг яам, агентлаг, аймаг, нийслэлийн эхний хагас жилийн дүнгээр нэгтгэж танилцуулав. Ерөнхий сайд Засгийн газрын хурлаар хэлэлцэж байгаа асуудлуудын биелэлтийг ч тогтмол танилцуулахыг үүрэг болголоо. Мөн биелэгдээгүй асуудлуудыг дахин нягтлан хариуцлага тооцож байх нь зүйтэй гэж үзлээ.
- Мэргэжлийн боловсролын бодлого, зохицуулалтын талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Улмаар зарим их, дээд сургуулийг хотоос нүүлгэх, ХААИС-ийн зарим бүрэлдэхүүн сургуулийг Дархан-Уул аймаг руу нүүлгэх төлөвлөгөөг танилцуулахыг хуралдаанаас үүрэг болголоо.
- Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотод 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан “Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
- “Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт таван байршилд нийт 43.6 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээг баталлаа.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Хэнтий аймгийн Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг баталлаа.
- Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган тун томуугийн вакцин худалдан авсныг өнөөдөр хүлээн авна. Тус вакциныг “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдэд түлхүү хийхээр төлөвлөж байна