АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден мягмар гарагаас эхлэн Хойд Виржиний Олон нийтийн коллежийн англи хэлний багшийн ажилдаа орж байна. Ийнхүү тэрбээр бүтэн цагаар ажлаа үргэлжлүүлэхээр болсон Америкийн анхны тэргүүн хатагтай гэдгээрээ түүхэнд бичигдэж байна.
Жилл Байден нэлээд хэдэн сарын турш онлайнаар багшилж байснаа одооноос танхимаар хичээлээ эхлүүлж байна. “Өөрчилж чаддаггүй зарим зүйл байдаг. Түүн шиг би хэзээ ангидаа очих вэ хэмээн тэсэн ядан хүлээж байна” хэмээн тэргүүн хатагтай Good Housekeeping сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. Түүнчлэн тэрбээр үргэлж өөрийнхөө карьерыг босгохыг хүсдэг байсан, багшилна гэдэг нь түүний хувьд эрхэлж буй ажил төдийхөн нь биш, бүх зүйл нь гэж онцолжээ.
Жилл Байден магистрын 2 зэрэг, багшлахуйгаар докторын зэрэгтэй. Жо Байденыг 2009 онд дэд ерөнхийлөгч болмогц тэрбээр Олон нийтийн коллежид ажилд орж, одоо хүртэл тэндээ багшилж байна. Ерөнхийлөгчийн аяны үеэр ч тэрбээр багшлах үйл ажиллагаагаа зогсоогоогүй байна.
Тэр ч бүү хэл тэргүүн хатагтай болсныхоо дараа Цагаан ордны Зүүн жигүүрийн оффисоос онлайнаар хичээлээ зааж, гадаадын айлчлалын үеэр ч зочид буудлаасаа тасралтгүйгээр хичээлээ явуулж байсан. Харин одоо тэрбээр коллежид биеэрээ очиж, мягмар, пүрэв гарагуудад багшлах боломж бүрджээ.
АНУ-ын тэргүүн хатагтай нар Цагаан ордноос гадуур ажиллаж байсан тохиолдол үгүй. Тэд нөхрөө дэмжиж, үр хүүхдүүдээ өсгөж, аж ахуйн үүргээ гүйцэтгэдэг байв. Үүнээс гадна тэд тусгай элч төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг байлаа. Америкийн өмнөх төрийн тэргүүнүүдийн гэргий нар болох Лора Буш, Хиллари Клинтон, Мишель Обама нар нөхрүүдээ Ерөнхийлөгч болсны дараа ажлаа өгч байлаа.
Ийнхүү Жилл Байден Ерөнхийлөгчдийн эхнэрүүдийн 231 жилийн уламжлалыг эвдлээ хэмээн USA Today мэдээлжээ.
Эх сурвалж: Focus.ua