Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууц болон орлогод нийцсэн ногоон орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын орлогод нийцсэн 700 айлын ногоон орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Уг асуудлыг өнөөдөр /2021.9.6/ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хэлэлцэж, дэмжлээ.
Уг төслийг Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материалд дөрвөн га газарт хэрэгжүүлэх бөгөөд төвлөрсөн хангамж үйлчилгээнд холбогдсон, эрчим хүчний үр ашигтай зарцуулалттай байхаар төлөвлөжээ. 712 айлын уг төслийн 142 орон сууц нь түрээсийн, 570 айлын орон сууц нь түрээслээд өмчлөх, 35 орон сууцыг тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан байна. Төслийн хүрээнд 292 автомашины дулаан зогсоол, 740 мкв худалдаа үйлчилгээний хэсэг, 300м/кв эмэгтэйчүүд, хүүхдэд зориулсан төвийг барих аж. Мөн төлөвлөлтөд 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэг барихаар тусгасан байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ