Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь заалтын дагуу Төрийн аудитын байгууллага УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч, дүгнэлтийг хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл, гурван иргэн бие даан дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.8-д “Ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон энэ хуулийн 26.3.6, 26.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” хэмээн заасан. Үүний дагуу Үндэсний аудитын газар
- МАН
- Ардчилсан нам
- Зөв хүн электорат эвсэл
- Иргэний Зориг Ногоон нам
- Үнэн ба Зөв нам
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам
- Дэлхийн монголчууд нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
- Ард Түмний олонхийн засаглал намаас нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийж, дүгнэлт гаргалаа.
Төрийн аудитын байгууллага нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдээс ирүүлсэн мөрийн хөтөлбөр, хандивын тайланг хянан үзэхдээ төрийн аудитын стандартуудыг удирдлага болгон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон холбогдох бусад хууль, тайлан, судалгаа, мэдээллийг тус тус шалгуур болгодог хэмээн Үндэсний аудитын газраас мэдээллээ.