Панжшир мужид Афганистаны шинэ удирдлагуудыг эсэргүүцсэн Ахмад Масудын бүлэг ба Талибанчуудын хооронд тулаан болж байна. Шинэ Засгийн газрын төлөөлөгчид Панжширыг хяналтандаа байлгаж байгаа бүлэгтэй хийсэн амжилтгүй хэлэлцээрийн дараа Үндэсний эсэргүүцлийн фронтын байрлаж байгаа хөндий рүү дайралт хийхээр шийдсэн юм.
Панжширын эсэргүүцэгчдийн эсрэг Талибан хөдөлгөөнийхөнтэй террорист “Аль-Каида”-гийн гишүүд эвсэн тулалдаж байгаа бөгөөд хоёр тал их хэмжээний хохирол амссан тухай мэдээлж байна.
Үндэсний эсэргүүцлийн фронтын байрлаж байгаа хөндий хөндий нь Талибан хөдөлгөөн, Шинэ засгийн газрыг эсэргүүцэгчдийн түшиц газар хэвээр байна. Афганистаны баатар Ахмад Шах Масудын хүү Ахмад Масуд болон Бүгд найрамдах улсын нэгдүгээр дэд Ерөнхийлөгч Амрулла Салех нар ын тэргүүлсэн Үндэсний эсэргүүцлийн фронтын хүчнүүдийг удирдаж байна.
Талибаны удирдагчид, Үндэсний эсэргүүцлийн фронтын хүчнүүдийн хооронд хийсэн хэлэлцээ бүтэлгүйтэхийн өмнөхөн шинээр байгуулагдаж байгаа Афганистаны Исламын Эмират улсын Засгийн газар Панжшир хотын оршин суугчдыг сүрдүүлж, ухуулга хийх гэж үзжээ.
“Ах дүү нар аа, бид Панжширын асуудлыг хэлэлцээрээр шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Гэвч харамсалтай нь бүх зүйл дэмий хоосон зүтгэл боллоо” гэж Талибаны өндөр албан тушаалын төлөөлөгч Амир Хан Муттаки хэлжээ.
Талибанчууд Панжшир хотын төв зам руу нэвтэрч, 11 постыг эзлэн авч, эсэргүүцсэн 34 байлдагч, түүний дотор хоёр командлагчийг устгасан гэж мэдээлжээ. Үүний хариуд Үндэсний эсэргүүцлийн фронтын хүчнүүд Талибаны 350 цэргийг хөнөөсөн хэмээн мэдэгджээ.
Амрулла Салех
NRF-ийн мэдээлснээр “Аль-Каида” бүлэглэлийн гишүүд Талибан бүлэглэлд нэгджээ. Афганистаны дэд Ерөнхийлөгч байсан Амрулла Салех Панжширт болж байгаа үйл явдлын талаар афганистанчуудад хандан “Өнөөдөр энэ улсын бүх хүний анхаарал энэ хөндийд төвлөрч байна. Бид дарамт шахалт, өшөө авалт, өрөөсгөл ойлголт, бараан бодлоос ангид байгаа Афганистаны бүх ард түмэнд найдаж байна” гэж хэлжээ.
Хэд хоногийн өмнө Талибаны цэргүүд Панжширт тулалдахаар ирэхдээ ялагдаж, 34 зэвсэгт этгээд алагдаж, 65 хүн шархадан ухрахаас өөр аргагүй болсон юм гэж NRF мэдээлэв.