Нийслэлийн татварын албанаас автомашины татвар төлөлттэй холбоотой “Автомашины татварын орлого болох 32.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Үүнээс одоогоор 27.9 тэрбум буюу 85.7 хувь төвлөрөөд байна. Нийслэлийн 341 мянган тээврийн хэрэгсэл татвар төлсөн” гэсэн мэдээллийг өглөө.
Аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд Өршөөлийн хуульд хамруулахгүй талаар мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан торгууль төлөлтийн явцын талаар Тэээврийн цагдаагийн албанаас “Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иймд энэ хугацаанаас өнөөдрийг хүртэлх торгуулиа төлөх асуудал яригдаж байгаа. Өршөөлийн хуульд хамруулахтай холбоотой торгууль төлөлт хэрхэн сайжирсан талаарх нэгдсэн мэдээлэл гарах боломжгүй. Учир нь аймаг орон нутгийн авто замын сан руу тусдаа төвлөрдөг” гэлээ.
Бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах журмын 4.1-д зөрчил гаргасан этгээд нь оногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор шийтгэлийн хуудсанд заасан тухайн дансанд төлөх үүрэгтэй гэж заажээ.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар 10-400 мянга хүртэлх төгрөгийн торгууль оногдуулдаг.
Жолооч бүр замын хөдөлгөөний дүрмээ чанд сахин баримталж, хуулийн дагуу авагдсан арга хэмжээ болох торгуулиа цаг тухайд нь төлөх нь иргэн бүрийн хариуцлага юм.