Түгжрэлийг бууруулах ажлын алба бус түгжрэлээр далайлгаж татвар, торгууль нэмж, тендер гаргах ажлын алба болсон уу? сэдвээр эдийн засагч Д.Эрдэнэцогт, А.Нямгомбо нар мэдээлэл хийлээ.
Эдийн засагч Д.Эрдэнэцогт “Түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс гаргасан саналуудыг эрс эсэргүүцэж байна. Тус алба гадаадын эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж байгаа гэсэн. Ингээд долоон жилээс дээш настай машины татварыг нэмнэ, шинэ автомашиныг хотын төвөөр явуулна, торгуулийг камераар тавих санал гаргасан.
10 жилийн өмнөөс түгжрэл бууруулах асуудлаар олон ажлын хэсэг байгуулагдсан. Дунд, доод шатны хүмүүс нь худлаа мэдээллийг Засгийн газарт хүргэж байгаа учраас түгжрэл буурахгүй байна. 600 мянга гаруй авто машин нийслэлд түгжирч байна гэж ярьж байгаа. Гэтэл 2020 онд үзлэгт 3,000 орчим автомашин орсон байна. Жилд импортоор 100 мянган автомашин орж ирдэг гэсэн ч 2020 оны байдлаар 50 мянган автомашин л орж ирсэн.
10-15 мянган автомашин түгжрэлд оролцож байгаа. 600 мянган автомашин түгжрээгүй бөгөөд том тоогоор хүмүүсийг айлгаж байна. Хотын түгжрэлд хот төлөвлөлт буруутай гэдэг. Болохгүй бүхнийг бусдаас хайх юм.
Улаанбаатар хотын замын сүлжээнд өдөрт явж байгаа автомашины тоо 90-150 мянга байна. Их тойруу, бага тойруу, Баруун болон зүүн дөрвөн зам орчмоор л түгжрэл бий. Энэ замуудад ойролцоогоор хэдэн автомашин явж байгааг бодож үзэх хэрэгтэй. Улсаас дугаар авсан бүртгэлтэй автомашин 600 мянга болохоос үзлэгт орсон хөдөлгөөнд оролцож байгаа нь 300 мянга.
Дундаж суудлын автомашин таван метрийн урттай, хөдөлгөөний зайг нэмээд долоон метр, Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл нэг эгнээнд 900 автомашин л багтана. Замын эрчмийг бууруулахын тулд автомашины тоог 4,000-аар багасгахад түгжрэл арилна. Тойруу зам тавих нь түгжрэлд ямар ч нөлөөгүй.
Нийтийн тээврийн түгжрэлийг хоёр жилийн дотор улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр 20-30 хувиар бууруулах боломжтой. Аюулгүй байдлыг хангахын тулд олон төрөлт нийтийн тээврийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм шийдэл гаргаагүй байж торгууль нэмж байгаа нь харамсалтай. Долоон жилээс дээш настай автомашины татварыг нэмж болно. Гэвч хотын төвд түгжирч байгаа автомашины төлөө Баян-Өлгийд явж байгаа автомашины татварыг яагаад нэмэх ёстой юм бэ? Автомашиныг хориглож болно. Оронд нь юугаар явах шийдэл байхгүй. Нийтийн тээвэр, гүүрэн дээр явган хүний зам, гарц алга.
Гурван төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг гаргавал түгжрэл 30 хувь буурна. Энэ янзаараа байвал түгжрэл дахиад 10 жил болсон ч шийдэгдэхгүй. Метро орж ирээд ч нэмэргүй. Түгжрэл бол хүн болгоны асуудал болоод байна. Гэртээ харих гэж гурван цаг түгжирч байгаа. Шинэ авомашинтай баян хүмүүс хотын төвөөр яваад, камер тавихад түгжрэл буурахгүй. Энэ бүхэн түгжрэлтэй ямар ч хамааралгүй шийдэл.
Хотын төвийн зогсоолыг суллах нь чухал. Зогсоол байхгүй учраас тойрч явсаар түгжирч байна. Хувийн хэвшил дээр тулгуурлаад түгжрэлээ бууруулах боломжтой гэж Ерөнхий сайд хүртэл хэлсэн. Автомашинд зориулж мөнгө их зардаг ч хүнд зориулж явган хүний гарц, зам тавьдаггүй. Манай хот төлөвлөлт маш сайн. Төр захиргааны байгууллагыг хотоос гаргах нь түгжрэлийг бууруулахгүй. Бусад төрийн байгууллагууд нь хотын төвдөө учир иргэд бичиг баримт хөөцөлдөхөд харин ч бүр хол явж улам түгжрэл нэмнэ.
Иргэдэд худал мэдээлэл өгөхөө болиоч гэж хэлмээр байна. Зуун айл, Нарантуул, Барс төвийн уулзварыг түгжрэлийг яаж шийдэх талаар судалгаа бий” гэлээ.