-Албан журмын даатгал хэдэн төрөл байдаг тэр дундаа жолоочийн албан журмын даатгал ямар ач холбогдолтой тухай
-Монгол улсын хэмжээнд албан журмаар даатгуулах 7 төрлийн даатгал байдаг. Монгол улсад хэрэгжиж байгаа хуулиуд даатгагч, даатгуулагчийн аль алиных нь эрх ашигт жигд үйлчилж байх ёстой. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэдэг нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой даатгал юм. Гэтэл жолооч нар энэ даатгалын үйлчилгээ, үйл ажиллагаанд нь сэтгэл дундуур байдаг. Яагаад гэвэл “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын үйлчилгээг арилжааны даатгалын 15 компани “Албан журмын даатгагчдын холбооноос гаргасан “МИИС”- программыг худалдан авсан мөртлөө программ ашиглах бүртээ гэрээ болгонд дахин тодорхой төлбөр төлж, аюулгүй ажиллагааг хангаагүй, гацдаг, алдаа заадаг, түрээсийн программын дагуу төрийн нэрийн өмнөөс Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор ашиг олох зорилгоор, жолоо барих эрх бүхий иргэдийг даатгалд хамааруулах үйл ажиллагааг эрхлэж ирлээ. Судалгаанаас харахад даатгуулагчдынхаа эрх ашигт дэмжлэг үзүүлэх, тэдэнд хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, хохиролын хэмжээг зөв тодорхойлсон, шуурхай урамшуулалтай үйлчилгээг жолооч нар хүсдэг боловч хууль хэрэгжиж эхэлснээс хойших 9 жил гаруйн хугацаанд арилжааны даатгалын компаниуд нэг хэсэгтээ л ямар ч урамшуулал үзүүлэхгүй, бөөн чирэгдэл, харилцааны доголдолтой бусдыг шүүмжилсэн, буцаан олголт хэзээ шийдэгдэх эсэх нь тодорхойгүй тийм цаг үе байсан. Харин одоо цаг хугацааны хувьд аливаа ослын хохирол барагдуулах үйлчилгээ түргэсэж ажлын 3- хоногт шийдэгдэх, бас даатгуулсан жолоочид гарын бэлэг алчуур, дугаар бичигч, үнэртүүлэгч, гэрээ хадгалах уут зэрэг тодорхой эд материал өгдөг болсноор иргэд урамшиж тэр даатгалын газруудаар үйлчилгээ авах жил бүр даатгуулагчийн тоо нь ихссэн байдаг.
-Албан журмын даатгалыг төрөөс яаж хэрхэн хяндаг талаар
-Албан журмын даатгалыг хийж байгаа компаниудад нэгдсэн удирдлага, хяналт байдаггүй мэт харагдах боловч үнэн хэрэгтэй Санхүүгийн зохицуулах хороо улирал тутам хяналт шалгалт хийж алдаа дутагдалын хэлж, засаж заларуулж явдаг газар. Харин Албан журмын даатгагчдын холбоо гэх давуу эрх эдэлсэн ТББ- нь ямар ч үйл ажиллагаа сурталчилгаа байхгүй хирнээ томоос том түрээсийн байранд хэдэн ааш зан авир, боловсрол нимгэн нөхдийг тойрон хүрээлүүлээд нэг муу гацаж, ээрч, муурдаг иргэдийн болон даатгалын байгууллагын ажилтануудын бухимдлыг төрүүлсэн “МИИС”- программыг даатгалын бүх компаниуд болон мэргэжлийн оролцогч байгууллагуудад худалдан борлуулчихаад дахин тэрхүү прогрраммыг ашиглах, нэг гэрээний бичилт тутмаас 500 төгрөг завшиж ашиг олж суух. Ер нь гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн Даатгалын компаниуд, мэргэжлийн оролцогч нарын оролцоог тэгш хангах, үйл ажиллагааг тогтворжуулах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Албан журмын даатгагчдын холбоог Улсын их хурлаас 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр жолоочийн даатгалын тухай хууль баталж, даатгалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Санхүүгийн зохицуулах хороо 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 301 дугаар тогтоолоор албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн анхны бүрэлдэхүүнийг баталснаар, албан журмын даатгагчдын холбоо үүсэн байгуулагдсан байдаг. Даатгалын компаниуд, мэргэжлийн оролцогч байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр маркетинг, менежментийн зөв бодлого явуулж, жолооч нарыг даатгалд 70 гаруй хувьтай хамруулдаг болоод ирэхээр албан журмын жолоочийн хариуцлагын даатгалыг төр авч төсөвт төвлөрүүлэх ёстой мэтээр яриад байгаа зарим төрийн оролцоог хангаж буй мэт хувьдаа ашиг олз хайгч нарт дуулгахад Санхүүгийн зохицуулах хороонд бүх чиг үүргийн, программын аюулгүй, найдвартай, хөнгөн шуурхай ажиллах бусад эрх зүйн актын хүрээнд хяналт, шалгалт, дүгнэлт, санал хүргүүлэх бололцоогоор хангааад “Албан журмын даатгагчдын холбоо”-ТББ гэгч бусдын явуулсан үйл ажиллагаан дээр зөвхөн ашиг л хүртдэг, далайд дусал нэмэргүй байгууллагаа татан буулга гэж дуулгамаар байна.
-Даатгагч, даатгуулагч хоорондын үл ойголцол их байдаг Зарим жолооч урамшуулал хүсдэг тэр нь яаж олгогдох ёстой вэ
-Зарим жолооч санаатай болон санамсаргүй үйлдлүүд гаргаад төлсөн даатгалаасаа хэд дахин давсан нөхөн төлбөрийн даатгал авдаг байхад, зарим жолооч осол огт гаргахгүй нэг жилийн хугацаанд яваад ямар ч урамшуулал авдаг үгүй гэх гомдол ч байдаг. Үүнийг итгэлцүүрээр тооцож осолд холбогдолгүй даатгалын хугацаанд зам тээврийн хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хөнгөлөлт үзүүлдэг нөхцөл бас бий. Осол зөрчил гаргасан жолооч бухимддаг асуудал нь тодорхой дараах шалтгаанаас хамаарч даатгалын тухай хууль бодит амьдралд, дарамт шахалт болдог талаар мөн Даатгагч компаниудын хүнд суртал, программ гацалттай холбоотой гомдол бухимдал, Үнэлгээний компаниудын үнэлгээчдийн ихэнх нь мэргэжлийн бус хүмүүс ажилладаг талаар үнэлгээний өртөг нь газар бүр өөр өөр байх, харьцуулах лавлагаа байдаггүй нь эвдрэл гэмтлийг оношлогооны хэрэгслээр шалгадаг үгүй, нүдээрээ хараагүй, гараараа барьж үзээгүй байж утасны зураг, хүний амаар үнэлэх нь жолооч нарын дургүйцлийг төрүүлдэг, Замын цагдаагийн газрын давхардуулсан торгууль оноо хасах, журмын хашаанд хийх, зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулах гэх мэт хоорондын уялдаа холбоо, зангилаагүй, тус тусдаа ашиг олз олох , төсөв бүрдүүлэх гэсэн уйвагүй үйлдэлд нь иргэд бухимдалтай байсаар л байгаа. Тиймээс даатгагч, даатгуулагч нарын хооронд үүсээд байгаа үл итгэлцлийг нэг талд нь гаргах зорилгоор хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өгөх саналаа нийт татвар төлөгч, жолооч бид бүхнээр хэлэлцүүлэх нь зөв юм.
-Жолоочийн хариуцлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжилт биелэлтэнд хяналт тавих талаар
-Энэ хууль бол жолооч нарт маш таатай нөхцөлийг бий болгох ёстой хууль байх ёстой. Одоо хэрэгжиж буй хуулинд тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч нь жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулж, уг тээврийн хэрэгслийг хөлсөөр барьж буй жолооч мэргэшсэн жолоочийн даатгалд даатгуулна гээд заачихсан байгаа нь хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байна. Тээврийн хэрэгслийн өмчлөгч болон жолооч нь жолоочийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг даатгагч болон даатгалын сангаас нөхөн төлж, санхүүгийн гэнэтийн эрсдэл, өр төлбөрөөс чөлөөлөх, хохирогчид учирсан хохирлыг богино хугацаанд заавал барагдуулж, тухайн иргэний бизнесийн болон ажил амьдралын тасралтгүй жигд байдлыг хангахад ач холбогдолтой юм.Замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж гарсан ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг даатгалын харилцаатай уялдуулж төрөөс Үндсэн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж, ард иргэдээ амьд явах, эрсдэлгүй аюулгүй орчны баталгааг бий болгож албан журмаар даатгаж, гарсан хохиролд нөхөн төлбөр заавал олгодог эрх зүйн орчин бүрдүүлнэ гэдэг том дэвшил юм. Нөгөө талаар Жолооч та хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягтын бүх асуултанд үнэн зөв хариулснаар таны жолоочийн даатгалын тухайн хураамж бодитой тооцогдоно. Мөн Таны тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох жолооны үнэмлэхтэй гэр бүлийн бусад гишүүдийг даатгалын гэрээнд нэр зааж оруулснаар таны адил даатгалтайд тооцогдоно. Хамгийн гол нь жолооч нар даатгалын гэрээтэйгээ сайн танилцах ёстой гэдгийг хэлмээр байна. Гэрээний хариуцлагадаа хайнга хандсан асуудал цөөнгүй гардаг. Ер нь аливаа гэрээг сайн унших ёстой. Тухайн гэрээнд та ямар үүрэгтэй, ямар тохиолдодд нөхөн төлбөр авах, ямар тохиолдолд даатгалын компани танд нөхөн төлбөр олгохоос татгалзах гэх мэт нөхцөлүүдийг тодорхой зааж өгсөн байдаг.
-Даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай юу
-Хууль хэрэгжүүлдэггүй зам тээврийн ослын буруутэй этгээдээс болж хохирогч нь хохирч үлдэх ёсгүй. Ийм учраас хууль хэрэгжүүлэх явцад бий болсон гажуудлыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Хууль хэрэгжүүлэх нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа ноцтой асуудал байгааг ч авч үзэх цаг болсон. Даатгалын харилцаанд оролцогчид, хууль эрх зүйн зохицуулалт Даатгалын үйл ажиллагаа нь даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй харилцаа гэдгийг ойлго. Энэхүү харилцаанд даатгагч, даатгуулагчаас гадна даатгалын мэргэжлийн оролцогчид, төрийн байгууллагууд оролцдог. Даатгалын тухай хуульд зааснаар даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам даатгалын бодлогыг, Санхүүгийн зохицуулах хороо даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлдэг бол, “Даатгалын тухай хууль” болон “Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль”-ийн дагуу даатгалын компани, даатгалын мэргэжлийн оролцогчид буюу даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлдэг.
-Ярилцсанд баярлалаа.