Засгийн газраас оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, өдрийн 50 мянган төгрөг болон түүнээс дээш байх боломжтой гэж мэдэгдсэн юм. Энэ жил ургац хураалтын ажлыг ирэх есдүгээр сарын 15-ны өдөр эхлүүлж нийт 470 мянган тонн ургацыг хураана гэж буй. Гэвч ургац хураалтын ажилд оролцох хүмүүс бага байгаа гэнэ.
Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүнсний талонд хамрагддаг өрх, гэр бүлийг ургац хураалтын ажилд зуучилж, санал тавина гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар “Хоёр удаа ажлын санал тавина. Харин хөдөлмөрийн насны, чадвартай иргэн өөрөө хичээхгүй татгалзвал бол төр үүрэг хүлээхгүй. Энэ утгаараа бид ургац хураалтын ажилд зохион байгуулалттай оролцоно” гэжээ.
Дашрамд дурдахад, Байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан таримлын соёололт удааширсан, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн, тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас ургац хураалтад ажиллах техник, сэлбэг хэрэгслийн татан авалт удаашралтай байгаа аж.