Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ үеэр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Нийслэлийн Орон сууцны корпорац /НОСК/-ын хэрэгжүүлж буй төслүүдийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулав.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 167 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлсэн, орчин үеийн эко амралт, зугаалга, эрүүл мэндийн ногоон бүсийг бий болгож хөгжүүлэхээр болсон.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын зүүн хэсэгт Хожуулт уулын Сайрын ам, Улиастай хөндий, Улиастай ам гэсэн гурван хэсгийн нийт 108.5 га талбайд “Улиастай амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” боловсруулан баталсан.
Тус шинэ суурьшлын бүсэд хүүхдийн сувилал, нөхөн сэргээх сувилал, ажилчдын байр, амбулатори, эмнэлэг, эмнэлгийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтын байр, мөн бизнес үйлчилгээний төв барихаар төлөвлөжээ. Гэтэл 2010 оноос хойш иргэд дур мэдэн суурьшсан аж. Өдгөө тус газарт 300 өрхийн 1080 хүн суурьшиж, 37 байшин, 108 гэр, 157 хашаа барьсан байна.
Мөн агаар орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын “Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийн төслийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Налайх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр дэх 252 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөн, ТЭЗҮ-ийг боловсруулсан.
Төслийн эхний ээлжид 10 га талбайд 200 өрхийн жишиг суурьшлын орон сууцны хороолол барихаар зураг төсөл хийж, тус хоёр хорооны нутаг дэвсгэрээр дамнуулан байгуулахаар төлөвлөжээ. Гэтэл дээрх байршилд иргэн, аж ахуйн нэгжид газар давхардуулан олгосон байна. Иймээс төлөвлөлт хийсэн байршилд давхардаж буй Баянзүрх дүүргийн гурав, Налайх дүүргийн 13, нийт 16 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхээр олгосон 102 га орчим газрын захирамжийг хүчингүй болгож, НОСК руу шилжүүлэх санал гаргалаа.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн 129 га газарт “Хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулан, зураг төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны тогтоолоор баталсан. Энэ хүрээнд 114 га газрын эзэмших эрхийг НОСК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэн, гэрчилгээ олгосон юм. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар газар олголт хийгдсэнээр тус төслийг хэрэгжүүлэх боломжгүй болоод байна.
Хэлэлцсэн сэдвийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл гарав. Тодруулбал, Морингийн даваа орчмын суурьшлын бүс, “Хөгжлийн үүд” төслийн бүсэд олгосон газруудыг цуцлан, газар эзэмших эрхийг хүчингүй болгон, газрыг төсөл хэрэгжүүлэгч НОСК-ийн нэр дээр шилжүүлэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд үүрэг болгов.
Мөн Улиастай амны шинэ суурьшлын бүсэд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд тус бүсэд амьдарч буй айл өрхүүдийн газрыг блокийн системд хувааж, бие даасан дэд бүтэц бүхий жишиг шинэ суурьшлын бүс бий болгох, тус бүсэд олгогдоогүй үлдсэн газрыг төсөл хэрэгжүүлэгч НОСК-ийн нэр дээр шилжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
Хотын стандартыг олон улсын жишиг, дэлхийн хотуудын чиг хандлагад
нийцүүлэн боловсруулна
Шинэчлэн баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэм, стандарт, норм, нормативтай болно. Тэгвэл өнөөдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх” талаар хэлэлцлээ. Уг асуудлыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам танилцуулсан юм.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчилсэн найруулгад хот стандарттай байх бөгөөд НИТХ-ын бүрэн эрхэд хотын стандартыг батлах, нийслэл хотын иргэний үүрэгт нийслэл хотын дүрэм, стандартыг дагаж мөрдөхөөр тусгасан.
Энэ оны зургадугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөж буй 40 бүлгийн 6602 стандарт байгаагаас 1433 нь 1990 оноос өмнө батлагдсан байдаг. 1990-1999 онд батлагдсан 679, 2000-2009 онд 2118, 2010 оноос өнөөг хүртэлх хугацааны 2164 стандарт байгаа юм. Барилгын норм, дүрмийн 313 стандарт бий. Эдгээрээс шинэчлэн сайжруулах, шинээр боловсруулах норм, дүрэм, стандарт цөөнгүй гэдэг нь нийслэлийн харьяа агентлаг, байгууллагуудаас авсан судалгаагаар тогтоогдсон.
Хот байгуулалт, нийтийн аж ахуй, менежментийн чиглэлийн 22 бүлгийн 97 баримт бичгийг үндэсний болон олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахаар төлөвлөснөөс 47 баримт бичгийг батлан мөрдүүлж байгаа аж. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Хотын соёл, Иж бүрэн гудамж, Инженерийн шугам сүлжээ, Хог хаягдлын менежмент, Хот төлөвлөлт, Хот байгуулалт, Замын тэмдэг тэмдэглэгээ, Нийгмийн аюулгүй байдал гэсэн бүлгийн 36 баримт бичгийг танилцуулан хэлэлцүүлсэн юм.
Мөн үеэр стандартын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа. 2021 онд нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 831 төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Үүнээс нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжиж буй 109 төсөл хөтөлбөрийн явцыг газар дээр нь хянахад 52 нь буюу 47.7 хувь нь стандарт чанарын шаардлага хангаагүй байна. Батлагдсан зураг төсөл алдаатай, стандартад нийцээгүй, төрийн албан хаагчид шаардлагатай заавар, чиглэлийг өгдөггүй, захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын инженерүүдийн хяналт маш сул, гүйцэтгэгч байгууллагын чадамж, нөөц муу зэрэг зөрчлүүд түгээмэл гарчээ.
Цаашид хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэхийн тулд Хотын стандартын баримт бичгийг боловсруулахдаа олон улсын жишиг, дэлхийн хотуудын чиг хандлагад нийцүүлэх, хотын стандартын мэргэжлийн зөвлөлийг байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэдэг саналыг мэргэжлийн байгууллагаас гаргаж байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС