Тайландад нэгэн бичлэг задарснаас хойш дуулиан шуугиан дэгдэж байна. Уг бичлэгт цагдаа нар сэжигтнийг эрүүдэн шүүж байгаагаар гарчээ.
Bangkok Post-т мэдээлснээр, цагдаа нар хар тамхины худалдааны хэргээр нэг эрэгтэй, нэг эмэгтэйг саатуулсан байна. Ингээд их хэмжээний мөнгөөр хэргийг нь хаах санал тавихад сэжигтнүүд ч зөвшөөрчээ. Үүний дараа цагдаагийн газрын дарга шаардсанаасаа хоёр дахин их мөнгө авч болох юм байна гэж шийджээ.
Ингээд мөнгө салгаж авахын тулд цагдаа нар 24 настай сэжигтэн эрийг эрүүдэн шүүж эхэлсэн байна. Түүнийг зодож, гялгар уутаар бооход өөрийг нь суллахыг хүссэн ч цагдаа нар анхаараагүй гэнэ. Эцэст нь саатуулагдсан эр ухаан алдаж, улмаар амиа алджээ.
Тайландын цагдаа нар амиа алдсан эрийг сэргээх гэсэн боловч дийлээгүй байна. Энэ үед л тэд үнэнийг нууж, тайландаа хар тамхины худалдаачныг тунгаа хэтрүүлснээс болоод амиа алдсан гэж бичжээ. Харин саатуулагдсан эмэгтэйг дуугүй байсных нь төлөө суллажээ.
Саатуулагдсан эрийг хэрхэн хөнөөснийг харуулах бичлэгийг өмгөөлөгч нь интернэтэд цацжээ. Бичлэг асар хурдтай тархаж, Тайландын иргэд дургүйцлээ илэрхийлсэн байна. Ингээд 7 цагдааг саатуулах хүсэлт гаргаж, мөрдлөг шалгалт эхэлжээ. Одоогийн байдлаар дөрвөн цагдааг баривчилсан гэнэ. Тайландын Ерөнхий сайд уг хэргийг анхааралдаа авчээ.
Тайландын хэвлэл амиа алдсан гэмт хэрэгтнийг “Шинэ Жорж Флойд” хэмээн нэрлээд байна.
Эх сурвалж: Mignews.ru