Засгийн газрын тэргүүн Л.Оюун-эрдэнийн санаачлагаар Хэнтий аймагт баригдсан 2 тэрбум төгрөгийн өртөгтэй Андлалын өргөөг өнөө өглөө нураажээ. Эзгүй зэлүүд талд боссон Андлалын өргөө нь арай дэндүү царай муутай, дээр нь барилга, байгууламжийн ажил нь чанартай биш, баригдаж дуусаагүй байхдаа эвдэрч хэмхэрч эхэлсэн. Улсын төсвөөс 2 тэрбумын зардал гаргасан гэхэд итгэмээргүй хөшөө байна гэх мэт өнгөрсөн хоёр жилийн турш тасралтгүй шүүмжлүүлж ирсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 400 сая жуулчны тухай яриулж боссон хөшөө сүүлийн үед Оюуны өмчийн асуудалтай дагуулсан гэх мэдээлэл тараад байсан юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 15:00 цагт хэвлэлийн хурал хийж, Андлалын өргөө цаашид баригдах боломжгүй болсон тул нураах гэж байгаа талаар мэдээлэх гэнэ.
Яам мэдээлэл хийхээс өмнө Хэнтий аймагт Андлалын өргөөг нураах ажил хэдийнэ хийгдсэн бөгөөд хөшөөний баримал, суурь талбайд бий болсон хог хаягдлыг бүгдийг том оврын автомашинд ачиж байгаа дүрс, видео цахим орчин тараад байна.
Хөшөө байгууламжийн зураг төслийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг агсан хийсэн аж. Зураач, дизайнер нь таалал төгссөн, мөн Андлалын өргөөний бүтээн байгуулалт анх хийсэн зураг төсөлдөө хүрээгүй гэж үзсэн учраас гэр бүлийнх нь Д.Эрдэмбилэг агсны оюуны өмчийг нь ашиглуулахаас татгалзсан гэж эх сурвалжууд бичиж байна.
Бүтээн байгуулсан зүйлийг буулгах амархан ч улсын төсвөөс гарсан 2 тэрбумын санхүүжилт, татвар төлөгчдийн мөнгөөр тоглосон хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг асуудал өнөөдрөөс яригдах нь гарцаагүй. Хөшөөний зардалд шилжүүлсэн 1.8 тэрбумыг цогцолбор нэртэй нураагдсан барималыг барьсан компаниар төлүүлнэ гэсэн яриа гарч эхэлжээ.