Талибан бүлэглэлд эзлэгдсэн афганчуудын эх орноосоо зугтах “нүүдлийн цуваа” Кабул хот дахь нисэх буудлаас үргэлжилсээр байна. Гэвч Афганистанчуудыг ийн нутгаа орхин дүрвэхийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Талибан бүлэглэлийнхэн мягмар гарагт мэдэгдэв.
Ингэхдээ АНУ тэргүүтэй орнууд ирэх долоо хоног гэхэд иргэдээ татан авч дууссан байхыг анхаарууллаа. Талибанчууд ийн мэдэгдэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Талибан бүлэглэл иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон нисэх буудлын үйл ажиллагаанд саад болохгүй бол Афганистаниас цэргүүдээ наймдугаар сарын 31 гэхэд татан авч дуусгахаа зарлаад байв. Харин АНУ-ын бусад холбоотон орнууд илүү олон Афганистан хүнийг хүлээн авахын тулд дээрх хугацааг сунгах шаардлагатай байгаа юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр Талибан бүлэглэлийн хэвлэлийн ажилтан Забиуллах Мужахид “Гадаадын иргэд эх орон руугаа буцах боломжтой. Харин сүүлийн өдрүүдэд нисэх буудал дээр олноороо цугларсан Афганистанчууд гэрлүүгээ буцах хэрэгтэй. Улсын шинэ удирдагчдын өшөө авалттай тулгарахаас айх хэрэггүй.Нисэх буудал орох замыг хаасан. Тиймээс Афганчууд тэр замаар нисэх буудал орж чадахгүй.
Харин гадаадын иргэдийг нэвтрэхийг зөвшөөрнө. Бид цаашид афганчуудыг өөр орон руу дүрвэхийг зөвшөөрөхгүй. Энэ нь бидэнд таатай бус байна.Эмч болон эрдэмтэн судлаачид Афганистаниас барууны орнууд руу явж болохгүй. Тэд өөрсдийн мэргэжлээр ажиллах ёстой” гэж ярьжээ.Энэ мэдэгдлийн тухайд Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки “Та бүхэн тэр мэдэгдлийг Афганчуудыг эх орноосоо дүрвэхэд Америк голлон нөлөөлсөн гэж ойлгох хэрэггүй.Хэрэв нисэх онгоцны буудал дээр ирсэн л бол бид авч явна гэдгийг Талибанчуудад хэлсэн” гэв.