“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Зун болгон дулааны шугамын засвар хийх юм. Нэг удаад чанартай сайн засчихвал ахин дахин засварлах, газар ухах хэрэггүй юм биш үү?
-Улаанбаатар хотын дулааны шугамын 86 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Тэгэхээр зундаа засвар хийхгүй бол өвөлдөө хөлдөнө шүү дээ, бид. Алсдаа хот төсөв санхүүгээ сайжруулаад дулааны шугамын хонгилтой болох хэрэгтэй байгаа юм.
Хуримтлалын нэгдсэн санг байгуулж, хонгилын системтэй болчих юм бол өвөл зун гэлтгүй засвараа тухай бүрд хийгээд явах юм. Энэ цаг үед бол өөрийн чинь хэлж байгаа шиг урин дулааны улиралдаа газар ухахаас аргагүй хэмжээнд байна. Зундаа засахгүй бол өвлийн цагт шугам задарч, халаалт зогсоход хүрдэг. Улаанбаатар хотын дэд бүтцийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босгох банктай хамтран хийж байгаа.
-Тун удахгүй халаалтын улирал эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд утаа, агаарын бохирдол бий болдог. Бид хэдий болтол галлагааны журмаар утаа болоод агаарын бохирдолтой тэмцэх вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын галлагааг өөрчилж, эрчим хүчний шинэ соёлыг нэвтрүүлэх нь эдийн засгийн чадамжтай шууд холбоотой. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад 10.7 их наяд төгрөг шаардлагатай. Бараг улсын төсөв гэсэн үг.
Бид эхний ээлжид 2018 оны хоёрдугаар сард гаргасан “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Цаашид үүнийг 80 хүртэл хувьд хүргэхээр зорьж буй юм. Бидний нэвтрүүлж буй энэхүү аргыг хөгжингүй улс орнууд ч цагтаа хэрэгжүүлж байсан. БНСУ-ын Засгийн газар л гэхэд хорт утаанаас иргэдээ хамгаалахын тулд хөгжлийн тодорхой түвшинд хүртлээ энэ л аргыг баримталж, агаарын бохирдлыг шийдэж байсан.
Монгол Улсын эдийн засгийн цар хүрээ өргөжин тэлж, иргэдийн орлого нэмэгдэж, хот хуримтлалтай болсон үед газын хэрэглээ рүү шилжиж болно. Монгол Улсын эдийн засаг одоогийн байгаагаас 5-6 дахин тэлэх, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 35 их наядад хүрч, эдийн засаг хүчтэй, хуримтлалтай болсон үед дэлхий нийтийн хэрэгжүүлж буй технологийн дэвшлийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
Нүүрсний оронд ашиглах байгалийн хийг ОХУ-аас авах, Тавантолгой дахь метан хийний ордыг ашиглах технологийн шийдэл зайлшгүй шаардлагатай. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Ер нь цаашдаа иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөтэй болох ёстой. Үндэс суурийг нь хот бүрэн дүүрэн дэмжих учиртай.
Бизнес эрхлэгчдээ бүх талаас нь дэмжинэ. Тусгай зөвшөөрөл авахын тулд 60 хонодог байдлыг халж, цахимаар 3-4 хоногт авдаг болгох талаар судлах үүрэг чиглэл өгөөд, манайхан ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотод технологийн шийдэл хэрэгтэй, төрийн албыг бүхэлд нь цахимжуулах ёстой. Энэ бүхэнд тодорхой хүч орно, хөрөнгө мөнгө шаардагдана.
-Баянзүрх дүүргийн Жуковын музейн ард нийтийн эзэмшлийн газрыг хашаалаад удаж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Энэ асуудлаар Засгийн газрын тэмдэглэл гарсан. Үүрэг чиглэл хүргүүлж байна. Шүүх хяналтын байгууллагаар явж, гурван шатны шүүхээр орж байгаа. Энэ мэтчилэн Засаг дарга захирамж гаргамагц шүүхэд хандчихдаг тохиолдол олон. Шүүх эргээд эрхийг нь сэргээчихдэг.
Зөвшөөрөлгүй газар олгодог 30 жилийн алдаа завхралыг цэгцлэхийн тулд ажиллаж байна. Энэ хот ямар ч стандартгүй, ямар ч дүрэмгүй, ямар ч төлөвлөлтгүй өнөөг хүрсэн. Үүнийг засахын тулд нэлээд хүч гаргаж байгаа. Зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг эхнээс нь буулгаж байна. Өмнөх олон жилийн алдааг засахад хугацаа хэрэгтэй. Нийслэлийн удирдлагын баг ч нийслэлд ужгирсан олон асуудал хийгээд түгжрэлийг үе шаттай шаттай шийдвэрлэхээр ажиллаж байна.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг арванхоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэнэ. Тэр хүртэл бид Улаанбаатар хотод барилга, байгууламж шинээр барихыг зогсоох захирамж гаргана. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан ийн шийдвэрлэж байна. Хойшид хот нэг стандартаар хөгжинө.
-Налайхын замын орц, гарцын асуудал иргэдэд хүндрэл учруулж байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?
-Налайхын замд мөн л стандартын асуудал хөндөгдөнө. Налайхын замд маш их аваар осол гардаг. Хүнд даацын тээврийн хэрэгслүүд байнга зорчдог. Орц, гарцын тухайд гүүрэн гарц хийж болно. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүүхдээ сургууль хүргэх, худаг ус руугаа явах боломжоор хангах өртөг мөнгийг төсөвт суулгая гэж байгаа. Тэнд нүхэн гарц хийхээр зун бороо хур, өвөл цас орж иргэдэд хүндрэл учруулах магадлалтай.
Хамгийн аваар осолгүй шийдэл бол гүүрэн гарц. Ингэхдээ цахилгаан шат тавьж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход саадгүй байлгах учиртай. Гэрлэн дохио, шугаман гарц бол аваараас хамгаалж чадахгүй. Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны замд маш олон тээврийн хэрэгсэл мөргөлддөг гашуун түүх бий. Нөгөөтээгүүр Улаанбаатар хот доторх замын стандартыг Зам, тээврийн яамнаас боловсруулан, яаралтай гаргах хэрэгтэй тухай албан бичиг явуулж мэдэгдсэн.
Дээр нь замын хураамж, торгуультай холбоотой асуудалд ойлгомжгүй зүйлс бий. Энэ бүхнийг нэг голдиролд оруулахын тулд хот дүрмээ боловсруулж, холбогдох яамд нь стандартаа шинэчлэх ёстой.
Жишээлбэл, тээврийн хэрэгслээр зорчигчид, явган хүмүүс нь ямар дүрэм баримтлах нь тодорхой байх хэрэгтэй. Хуучин бол бидэнд хууль эрх зүйн чадамж тааруу байсан. Одоо бол Нийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн байдлын тухай хуульд Хот дүрмээ боловсруулж батлахыг, хот стандарттай байхыг хуульчилсан.
Төрийн албаны зүгээс зохицуулах, хянах үүргээ бид биелүүлье, сэтгүүлчид болоод иргэд та бүхэн дэмжээд, хамтын хүчээр хотоо хөгжүүлье.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС