УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Баяр наадам зохион байгуулснаас үүдэн зарим аймагт халдварын тохиолдол нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан хариуцлага тооцох уу?
-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд гадна талбайд зохион байгуулагдах тэмцээн уралдааныг тухайн аймгийн Засаг дарга, онцгой комисс нөхцөл байдлаа үнэлээд зохион байгуулах эсэхийг шийднэ гэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд хэд хэдэн аймагт тэмцээн уралдаан зохион байгуулсан. Харин энэ сарын 21-нээс тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон. Энэ нь намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотой. Хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа энэ үед тэмцээн уралдааныг түр хугацаагаар зогсоосон. Цаашдаа нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргаад явна.
-Орон нутагт халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор аймгийн онцгой комиссоос хөл хориог тогтоох шийдвэр гаргах эрхтэй юу?
-Баян-Өлгий аймагт халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 10 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох саналаа УОК-т ирүүлсэн. Таван удаагийн эрсдэлийн үнэлгээгээр “Эрдэл өндөр” гэж үнэлэгдсэн учраас саналыг нь хүлээн авч, аймгийн Засаг дарга захирамж гарган хөл хорио тогтоосон.
Аймгууд тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоох бол саналаа УОК-т ирүүлээд, зөвшилцөөд шийдвэр гаргаад явж байгаа.
-Үйлчилгээний байгууллагуудын цагийн хязгаарлалт хэзээ хүртэл үргэлжлэх вэ?
-Улаанбаатар хотод цагийн хязгаарлалт байгаа. Цаашдаа ч зарим ААН-ийн хувьд цагийн хязгаарлалт хийх байх. Халдварын нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргаж байгаа бөгөөд аль болох ААН-үүдээ дэмжих чиглэлийг барьж байгаа. Одоогийн байдлаар бараг бүх ААН-үүд хариуцлагын гэрээгээ хийгээд нээгдчихсэн байгаа.