“Долоогийн бүлэг”-ийн /G7/ аж үйлдвэржсэн орнуудын удирдагчид Афганистанд “Талибан” хөдөлгөөн хяналтаа тогтоосонтой холбогдуулан тус улсаас иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангахаа амлаад, хүний эрхийг хамгаалах, терроризмоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхийг эрх мэдэлтнүүдэд уриалжээ.
Цахим уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдад, АНУ цэргүүдээ наймдугаар сарын 31 гэхэд Афганистанаас гаргах ажиллагаа дуусах шатандаа орж буйг хэлсэн гэдгийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ. Их Британи, Францын хувьд агаараар нүүлгэн шилжүүлэх олон улсын ажиллагаа явагдаж буйтай холбоотойгоор уг хугацааг сунгахыг уриалж буй юм.
Мөн Ж.Байден ажиллагааг дуусгах нь нүүлгэн шилжүүлэх хүмүүсийг нисэх буудал руу үргэлжлүүлэн нэвтрүүлэх зэргээр “Талибан” хөдөлгөөнтэй уялдаа холбоотой байхаас шалтгаална гэдгийг тодорхой хэлээд, шаардлагатай тохиолдолд товлосон хугацааг өөрчлөх төлөвлөгөө боловсруулахыг Батлан хамгаалах яам /Пентагон/ болон Төрийн департаментаас хүссэн хэмээн хэлснийг Ж.Псаки уламжилжээ.
Харин мягмар гарагт “Талибан”-ы хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид, “Манай хөдөлгөөн тохиролцсон хугацааг сунгахыг зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.
“Бидний эн тэргүүний зорилт бол иргэдээ, мөн сүүлийн 20 жилийн хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж, бидний хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж байсан афганчуудыг аюулгүй нүүлгэх шилжүүлэх нөхцөлийг хангах юм” гэж “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Мөн бид энэ чиглэлд нягт уялдаа холбоогоо үргэлжлүүлэн хадгалахын сацуу бүх тал хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэж байна хэмээн мэдэгдээд, дүрвэгсдийг хүлээн авч буй бүс нутгийн орнуудтай нүүлгэн шилжүүлэх аюулгүй, хууль ёсны арга замыг олохыг төлөө хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Афганистанд энэ сарын эхээр Исламын шашинт хөдөлгөөн засгийн эрхийг эргүүлэн авсны дараа улс орноо орхин явах хүсэлтэй хүмүүс нийслэл Кабул хотын нисэх буудалд олон мянгаараа цуглараад байгаа юм. Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд иргэдээ тус улсаас нүүлгэн шилжүүлэхээр яаравчлан ажиллаж байгаа бөгөөд Японы Өөрийгөө хамгаалах хүчин гурван нисэх онгоц илгээжээ.
Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мягмар гарагт сэтгүүлчдэд, “Токио Афганистанаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх чиглэлд “Долоогийн бүлэг”-ийн бусад гишүүн орнуудтайгаа нягт хамтран ажиллана гэдгийг мэдэгдээд, манай улс Афганистанаас хөрш орнууд руугаа дүрвэсэн хүмүүст туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн хэмээн хэлсэн байна.
“Долоогийн бүлэг”-ийн бүрэлдэхүүнд Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, Европын Холбоо багтдаг билээ. Мягмар гарагт болсон цахим дээд хэмжээний уулзалтад мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нарыг урьжээ.
“Талибан”-ы тэргүүлсэн Афганистаны Засгийн газрыг гадаадын улс орнууд хүлээн зөвшөөрөх эсэх нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж буй энэ үед “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид, “Исламын шашинт хөдөлгөөн Афганистанд хүний эрхийг, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, терроризм дахин сэргэхээс урьдчилан сэргийлэх ёстой” гэж мэдэгджээ.
“Афганистаны шинэ Засгийн газар улс орныхоо хүлээсэн олон улсын үүрэг хариуцлагыг биелүүлэх ёстой. Бид Афганистаны талуудыг үгээр нь бус үйлдлээр нь дүгнэх болно” хэмээн мэдэгдсэн байна. Мөн олон талыг хамарсан, төлөөлөл бүхий Засгийн газар байгуулж, эмэгтэйчүүд, цөөнхүүдийн оролцоог утгаар нь харуулахын төлөө ажиллахыг Афганистаны бүх талд уриалжээ.
Эх сурвалж: Kyodo, Montsame