Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд барьж буй сургуулийг Орос дөрөвдүгээр сургууль болгох ажлыг ХЗДХ сайд Х.Нямбаатар санаачлан ажил хэрэг болгож буй юм. Энэ асуудлаар өнөөдөр /2021.08.24/, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов болон дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар санал солилцон ажиллалаа.
Сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард ашиглалтад орохоор тусгасан. Мөн тус сургууль нэгдүгээр ээлжинд 630, хоёрдугаар ээлжинд 1000 гаруй хүүхэд хүлээж авах хүчин чадалтай.
Орос, Монгол улсын найрсаг харилцааны хүрээнд тус сургуулийг бүрэн Орос сургалттайгаар хичээллүүлж эхэлснээр дүүргийнхээ хүүхэд, багачуудын мэдлэг боловсролд томоохон хөрөнгө оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.
Мөн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн хамгийн олон хүн ам төвлөрөн суурьшсан дүүрэгт хэд, хэдэн дэд төвүүдийг байгуулж байгаа. Бид дэд төвүүдийг түшиглэн хотын хэт төвлөрлийг задлах, захын дүүргүүдийг хөгжүүлэхэд чиглэн ажиллаж байна. Тиймээс энэ сургуулийг Орос сургалттайгаар ашиглалтад оруулснаар олон талын ач холбогдолтой” талаар ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бүрэн эрхт элчин сайд И.К.Азизовд уламжлав.