Афганистанаас дүрвэж байгаа иргэдийг АНУ өөрийн гадаад орнууд дахь цэргийн баазад түр байрлуулахаар төлөвлөж буй нууц эх сурвалжаас олж авсан баримтаа Wall Street Journal сэтгүүл ням гаригт дэлгэсэн. Энэ дагуу АНУ Япон, Өмнөд Солонгос, Герман, Косово, Бахрейн, Итали дахь АНУ-ын цэргийн баазаа ашиглах гэж байгааг мэдээнд дурджээ.
Мөн мэдээнд дүрвэгчдийг түр цэргийн баазад байрлуулан сайтар шалгасны дараа АНУ-д хүргэхээр төлөвлөж байгаа талаар өгүүлсэн байгаа юм.
Wall Street Journal-ийн энэ мэдээ Өмнөд Солонгосын улс төрчдийн хүрээнд маргаан үүсгэж эхэллээ. Эрх баригч Ардчилсан Намын дарга Сон Юн Гил “АНУ энэ асуудлыг манай Засгийн газартай яриагүй. Газар зүйн байрлалаас харсан ч энэ нь үндэслэлгүй мэдээлэл байх. Дүрвэгчдийг Афганистанд ойр улс орнуудын баазад байрлуулах нь илүү оновчтой байх. Энэ мэдээнд би эргэлзэж байна” гэж мэдэгдсэн бол Ардчилсан намын өөр нэг хууль тогтоогч “Дүрвэгч байрлуулах нь АНУ, БНСУ-ын хооронд байгуулсан батлан хамгаалах гэрээний зүйл заалтыг зөрчсөн хэрэг болж магадгүй” гэжээ.
Энэ гэрээнд Өмнөд Солонгост байрлаж буй АНУ-ын цэргийн хүч Өмнөд Солонгосын хуулийг дагах үүрэг хүлээсэн байдаг. Нөгөө талаар цэргийн баазад дүрвэгч байрлуулах асуудал нь Өмнөөд Солонгосын Хууль зүйн яамны зөвшөөрөлтэй хэрэгжих ёстойг парламентын гишүүн Пак Юн Жин тайлбарлажээ.
Ихэнх улс төрчид дүрвэгчид АНУ руу явахаасаа өмнө Өмнөд Солонгост орогнол хүсэж үлдэх, тэдний дунд Исламын террористууд нуугдах эрсдлээс болгоомжилж байна. Афганистаны дүрвэгчдийг цэргийн баазад байрлуулахын тулд АНУ-ын засаг захиргаа Өмнөд Солонгосын Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой гэж тус улсын Гадаад хэргийн сайд өчигдөр парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Харин гол сөрөг хүчин болох Ардын Хүч хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалжээ. Өмнөд Солонгос нь хүчирхэг эдийн засагтайн хувьд дэлхий нийтийг хамарсан хямралыг шийдэхэд оролцох үүрэгтэй ч гэсэн дүрвэгчид Өмнөд Солонгост цагаачилж үлдэх асуудалд болгоомжтой хандах ёстой гэжээ.
Даваа гарагт Өмнөд Солонгост оршин суудаг 30 гаруй афган иргэн Сөүл дэх Гадаад хэргийн яамны өмнө цуглаан зохион байгуулж, Солонгосын компани, дипломат байгууллагуудад ажиллаж байсан афган хүмүүсийг татаж авахыг уриалсан юм. Афганистан дахь Солонгосын компани, дипломат байгууллагуудад ажиллаж байсан афганчууд, тэдний гэр бүлийнхэн нийт 400 орчим хүн байгаа талаар Ардчилсан Намын дарга Сон Юн Гил мэдэгджээ.
Эх сурвалж: Korea Times