НҮБ-ын албан ёсны тоо баримтggj “Талибан” хөдөлгөөний давшилт энэ оны эхээр эхэлснээс хойш 550 мянган афган орон гэрээ орхижээ. Тэдний тал хувь нь дөнгөж саяхнаас буюу тавдугаар сараас хойш дүрвэсэн бөгөөд олонх нь улсын хил, Кабулын нисэх онгоцны буудлуудад байгаа аж.
Дүрвэгчдийн хувь заяа Пакистан, Иран, Тажикистан, Узбекистан зэрэг хөрш орнуудын шийдвэрээс шалтгаалж байна. Гэвч Сирийн дүрвэгчдээс халширсан улс орнууд тэдэнд дүрвэгчдийн статус олгох, дамжин өнгөрөх гүүр болохоос татгалзаж эхэлжээ.
Иран, Пакистан: Афганистаны цагаачдын замд таарах эхний зогсоол нь түр майхант лагерь. Иран, Пакистан хоёр улс Афганы хил дээр дүрвэгчдийг хүлээн авах эрхтэйгээр лагерь байршуулжээ. Эндхийн нөхцөл байдал маш хэцүү. Дүрвэгсдийн зарим хэсэг нь энд үлдэхээс өөр аргагүй. Пакистан руу гарсан афганчуудын 36% нь одоо болтол майханд үлдсэн хэвээр байна. Талибуудаас аврагдсан тэдэнд эрсдэл их бий.
Ираны хил дээр байдал арай дээр. Афганы дари хэл, Ираны фарси хэл хоорондоо төрөл. Афганистантай хиллэдэг гурван мужид майхант лагерь босгосон бөгөөд янз бүрийн тооцооллоор 800 мянгаас 1 сая хүртэл дүрвэгч бий гэсэн баримт бий. Америкийн хориг, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналт эдгээр хүмүүсийн цаашдын хувь заяанд гэрэл гэгээтэй зүйл харуулахааргүй байна.
Герман: Хамгийн сүүлчийн тооцооллоор бол ХБНГУ-ын Засгийн газар амь нас нь аюулд орсон 10 мянга хүртэл тооны афган иргэн хүлээн авч магадгүй байна.
Канцлер Ангела Меркель Европын холбооны орнуудыг энэ асуудлаар бодлого гаргахыг уриалж байгаа ч юуны түрүүнд Афганистантай хиллэдэг орнуудтай харилцаа үүсгэж, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газрын тусламжтайгаар хүмүүнлэгийн нөхцөл бүрдүүлэх шаардлагатай болоод байна. ХБНГУ-ын канцлерт нэр дэвшигч Армин Лашет 2015 оны алдаа давтагдах ёсгүй гэж мэдэгджээ.
Грек: Тус улс бас афган дүрвэгчдийг хүлээн авахыг хүсэхгүй байна. Цагаачлал, орогнолын асуудал эрхэлсэн сайд Нотис Митаракис Грек улс цаашид Европ руу гарах цагаачдын зохицуулалтгүй урсгалын хаалга болохгүй гэжээ. Өнөөдрийн байдлаар тус улсад 40 мянган афган байршиж байгаагийн тал нь дүрвэгчийн статус авсан бол үлдсэн хэсэг нь хариугаа хүлээж байна.
Өдгөө Грек улс Афганистан дахь НАТО-гийн бүрэлдэхүүнт Грекийн цэргүүдэд тусалж байсан афганчуудын гэр бүлийг гаргах гэж оролдож байна. Тэдгээр нь хэдэн зуухнаас хэтрэхгүй аж.
Эх сурвалж: DW, Euronews.ru