Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын 2017 оны хаврын чуулган өндөрлөж байна. Энэ чуулган ажлын 55 өдөр үргэлжилж, бие даасан 18 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 113 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 9 хууль, 30 тогтоол хэлэлцэн баталжээ. Та бидний хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд, бодлогын арга хэмжээний нааштай үр дүн эхнээсээ гарч эхэллээ.
•Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд 2012 оноос хойш тасралтгүй унаж байсан бол 2017 оны эхний улиралд 4.2 хувиар өслөө.
•2016 оны 1-р улиралтай харьцуулахад 29.0 мянган иргэн ажилтай, орлоготой болж, ажилгүйдлийн түвшин 2.5 хувиар буурлаа.
•Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 42 хувиар өсөж, гадаад худалдааны ашиг оны эхний 5 сард 1.0 тэрбум ам.долларт хүрлээ.
•Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны 11 дүгээр сард 2600 төгрөгт хүрч байсныг 2350 орчим төгрөгт хүртэл болгож буулгаж чадлаа.
•Нэгдсэн төсвийн орлого 2016 оны 11-р сараас хойш сар дараалан биелж, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2017 оны эхний таван сарын байдлаар 2.6 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 27.9 хувиар буюу 581.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, орлогын төлөвлөгөө 3.1 хувиар давж биелсэн байна.
•Өнгөрсөн оны мөн үед 30 сая ам.доллараар хэмжигдэж байсан гадаадын хөрөнгө оруулалт 130 сая ам.долларт хүрч, 4.3 дахин нэмэгдлээ.
•2016 оны 5-р сард 877,0 тэрбум төгрөгт хүрч байсан төсвийн алдагдал 2 дахин буурч, 2017 оны 5-р сарын байдлаар 412,0 тэрбум төгрөг боллоо.
УИХ-аас хаврын чуулганы эхэнд төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр 2017 оны улсын төсөвт тодотгол хийсэн.
Нааштай эдгээр өөрчлөлт ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбон манай түншүүдийн итгэл сэргэсэнтэй холбоотой.
Ингэж хөгжлийн салхи зөв эргэж байгаа нь улс орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж, төр засгийн тогтвортой байдлыг ханган, зөв бодлогыг тууштай хэрэгжүүлж, ард олон, бизнес эрхлэгчдийн дэмжлэгийг авч ажиллахын төлөө хичээн зүтгэцгээсний үр дүн юм.
Та бид энэ эрчээ сулруулж хэрхэвч болохгүй. Эдийн засагт “ногоон гэрэл” аслаа уналтыг зогсоож чадлаа гэж тайвшралгүй төсвийн сахилгыг чангатгаж хэмнэлтийн горимыг тууштай барьж ажиллах нь Засгийн газар, төсвийн бүх шатны захирагч нарын өдөр тутмын алтан дүрэм байх ёстой.
Үрэлгэн байдал, буруу бодлогоос үүдсэн хохирол арилаагүйг, бизнес эрхлэгчид болон ард иргэдэд ирдэг дарамт эрс багасаагүй гэдэг шүүмжлэл хэвээр байгааг онцгой анхаарах ёстой.
Цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, бусад салбаруудын өсөлтийг дэмжих, өгөөжийг нь өрх гэр, иргэн бүрт хүртээх шаардлагатай.
Хаврын чуулганаар хүү багатай, урт хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийн хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийн хэд хэдэн хэлэлцээрийг батлах болон нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Тухайлбал:
•Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд зарцуулахаар болов. Төслийн хүрээнд ирэх 4 жилд 128.8 мянган иргэнийг тогтвортой ажлын байранд зуучилж, жил бүр 10.0 мянган хүнийг сургалт, зээлд хамруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
•“Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн шугам сүлжээ, дэд станцуудыг 42 сая ам.доллараар өргөтгөн шинэчилж, баруун бүсэд 10 МВт-ын нарны цахилгаан станц барихаар шийдвэрлэлээ.
•Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын “Экспорт-Импорт” банк хоорондын 1.0 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”, “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”, “Эрдэнэтийн ДЦС-ын шинэчлэл” зэрэг төслүүдийг санхүүжүүлэхээр боллоо.
•Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банкнаас авах 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг санхүүжүүлэхээр шийдлээ.
•Бэлчээрийн ашиглалт, хяналт, үнэлгээг сайжруулах, хөдөө аж ахуйн түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, малчдын болон эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг, хоршоодод санхүүгийн ба санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх, тэднийг үйлдвэрлэгчидтэй холбох, зах зээлээ өргөжүүлэхэд зориулж Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас 9.0 сая ам.долларын нэмэлт санхүүжилт авах шийдвэрийг гаргасан.
Түүнчлэн энэ чуулганаар бид иргэдийнхээ нийгмийн хамгаалал, хүний хөгжлийг дэмжсэн хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа.
•Улсад 30 жил ажилласан эмэгтэйчүүд, 35 жил ажилласан эрэгтэйчүүд өөрөө хүсвэл тэтгэвэрт гардаг байх, ажил олгогчийн санаачилгаар шахаж тэтгэвэрт гаргадгийг болиулж, 65 нас хүртлээ ажиллах эрхтэй байхаар хуульчиллаа.
•Ээжүүд цалинтай боллоо. Тэд жирэмсний 5 сартайгаас амаржих хүртлээ, амаржсаны дараа хүүхдээ 3 нас хүртэл сар бүр тэтгэмж авдаг болно. Түүнчлэн ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаагийн, 0-18 насны 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авна.
•Монгол Улсын хүн амын 35 гаруй хувийг эзэлдэг залуучууд маань түүхэндээ анх удаа бие даасан хуультай боллоо. Хуулиар залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулахаар шийдвэрлэлээ.
•Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг 2018 оноос амьжиргааны доод түвшний хэмжээнд хүргэх, улсын төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг дэмжих зардлын ангиллыг шинээр нэмж тусгах шийдвэр гаргалаа.
•Тусгай сургуульд ажиллаж байгаа багш, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг шинэчлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамааруулан ЕБС, цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, ажилласан жил, ур чадвар, гүйцэтгэлтэй нь уялдуулан багш, ажилтнуудын цалин урамшууллын шинэ тогтолцоо бий болгохыг Засгийн газарт даалгасан.
•Хувь хүний орлогын албан татвар төлөгч нь жилд 84.0 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг 2018 онд 120.0 мянга, 2019 онд 160.0 мянга, 2020 онд 200.0 мянга, 2021 оноос эхлэн 240.0 мянган төгрөгт хүргэнэ.
•Эдийн засгийн нааштай эргэлт нь 2017 он гарснаас хойш хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгох, мөн цаашид бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, эдийн засгийн орлогоос иргэн, өрх бүртээ хүртээхээр боллоо.
Миний бие хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, нэмэгдүүлэх хоёр ч удаагийн шийдвэр гаргаж байсан хүний хувьд эдийн засаг яаж ч хүндэрсэн хүүхдийн мөнгийг хасдаггүй, хүүхдийн мөнгө олгох шийдвэрт өөрчлөлт ордоггүй тогтвортой эрх зүйн орчин бий болгох ёстой гэж үзэж байна.
•Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, тус үйлдвэрийн хувьцаанаас нийт 3 сая гаруй иргэндээ эзэмшүүлэх түүхэн шийдвэр гаргалаа.
Эдгээр нь та бидний иргэнээ дээдэлсэн нийгмийг төлөвшүүлэх, эх ороноо өөд татах эрхэм дээд зорилгыг хэрэгжүүлэх эхний алхмууд юм. Төр иргэндээ ээлтэй байх учиртай. Иргэндээ ээлтэй төр л тэднээсээ дэмжлэг авч чадна.
“Багшийн хөгжлийг дэмжих тухай” хуулийг энэ чуулганаар хэлэлцэн батлах байсан боловч Их Хурлын цөөнхийн бүлэг завсарлага авснаар эцэслэн батлаж чадалгүй хойшиллоо.
Багшид ажлын үр дүнгээр нь цалингийн урамшуулал олгох, мэргэжлийн зэргийг хугацаанаас нь өмнө нэмэх, ачаалал ихтэй сургууль, цэцэрлэгийн багшид 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэх 1 удаагийн урамшуулал олгох, багш нарыг ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, ЕБС-ийн 1, 2-р ангид туслах багш ажиллуулах, багш нарыг жилд 1 удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах зэрэг зохицуулалт энэ хуульд байсан юм.
Миний бие Багшаа дээдлэн хөгжүүлж, чанартай боловсролын тогтолцоо бүрдүүлж байж бид ЭРДЭМ ЧАДАЛТАЙ ИРГЭН, ОЮУНД СУУРИЛСАН НИЙГЭМ-ийг цогцлоож чадна гэж бат итгэдэг учраас уг хуулийг баталж, мөрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Эрхэм гишүүд ээ,
УИХ ээлжит чуулганы хугацаанд бурууд хатуу, зөвд зөөлөн байх зарчмыг баримталж ажилласан. Засгийн эрх барьж буй намын нэр дор бурууг хаацайлж, сахилга хариуцлагыг хөсөрдүүлж болохгүй.
Төрийн эрх барилцаж байгаа цөөнх сөрөг хүчин нэрээр наанаа нийгмийн багтай, цаанаа зэх төрийн төлөө зорилготой бүхнийг сөрж, нийгэмд ташаа ойлголт түгээж, бодлого шийдвэрийг гацааж, Эх орныхоо эрх ашгийг сөрж ажилладаг байж таарахгүй.
Бүх шатанд хуулиар тогтоосон хариуцлагын хэмжээ хязгаар яв цав үйлчлэх ёстой.
Монгол банкны 2012-2016 оны үйл ажиллагаанд УИХ-ын ажлын хэсэг шалгалт хийсэн. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж, урвуулан ашигласан байж болзошгүй этгээдийг эрх бүхий байгууллагаар шалгуулах шийдвэрийг УИХ гаргасан. Одоо гагцхүү хуулийн байгууллагын шударга шийдвэрийг хүлээж байна.
•Ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг 39.0 мянга гаруй албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглолоо. Хоригийг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг ажлаас халах, төрийн албанд дахин ажиллуулахгүй байх хүртэл арга хэмжээ авахаар хуульчилсан.
Төр засгийн аливаа асуудалд хариуцлага ярихаар эсэргүүцдэг, хууль, шүүхийн байгууллагад очихлоор замхардаг байж хэрхэвч таарахгүй.
Биднээс иргэд цалин, тэтгэвэрийг нэм гэхээс илүү хичнээн жил шударга ёсыг хүсэж, хариуцлага тооцохыг нэхэж байх ёстой юм бэ ?
Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын мөрөөр хариуцлага хүлээлгэх асуудал гацаанд орсныг, Монгол банкны эрх бүхий албан тушаалтны хууль завхруулсан, дураар дургисан үйлдэлийг яах ёстой болж байна. Замхарах л юм бол “Завхрал” болно.
Энэ мэт байдал нь нэгдүгээрт, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар нэг зүгт харж, нэгдмэл бодлоготой байх нь зайлшгүйг, хоёрдугаарт, шүүх, шүүгч, хуулийн байгууллагад шударга, хараат бусаар ажиллах, Үндсэн хуулиар олгогдсон эрх дархын нээж өгөх нь нэн чухал болсныг харуулж байна.
Төр, засгийн бодлого, шийдвэрийг мушгин гуйвуулах, гүтгэн харлуулах, иргэдийг хууль бус үйл ажиллагаанд уриалах, турхирах үзэгдэл сүүлийн үед илт идэвхжиж байна. Ийм байдал үргэлжлэх тусам Монголын минь заяа гомдоно.
Бидэнд ЭВДРЭЛ ХАГАРАЛ бус, ЭВ НЭГДЭЛ хэрэгтэй.
Болж бүтэхгүй юм байгаа бол хамтарч суугаад ил ярилцдаг, зөвшилцөж ойлголцдог болж занших нь Эх орны минь ирээдүй хойчид хэрэгтэй.
Хямралыг даван туулж, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ амьжиргааг өөд татах, улмаар хөгжил дэвшилд хүрэх нь Та бидний эрхэм зорилго, дээд эрх ашиг мөн.
“Зорилгоосоо буцах шалтаг олон, харин зорилгод хүрэх зам нэг л байдаг” гэсэн мэргэн үг бий. Бидэнд ХЯМРАЛЫГ ДАВЖ, ХӨГЖЛИЙГ АВЧРАХ-аас өөр зорилго байхгүй.
Энэ зорилгод хүрэх ганц зам нь ЭВ НЭГДЭЛ, ЗӨВ БОДЛОГО юм.
Нийгмийн хийгээд нийтийн сайн сайхны төлөөх энэ замыг хазайлгах эрх бидэнд үгүй ээ.
Иймийн тул Монголын төр төвшин, чин шудрага, ёс жудагтай байх ёстой.
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Зөвлөлдөх санал асуулга явуулж, эрдэмтэн судлаачид, намуудын төлөөлөл бүхий ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан.
Төслийг ард нийтээр хэлэлцүүлж, саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох, байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаачдын саналыг авах шийдвэрийг УИХ-аас гаргасан.
Шийдвэрийн үр дүн иргэд, олон нийтийн оролцооноос хамаарах тул Та бүхэн чуулганы чөлөө цагаар энэ асуудалд онцгой анхаарч ажиллаарай
Та бүхэнд болон Монголынхоо нийт ард иргэддээ Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын халуун мэндийг дэвшүүлье !
Дэлхийд тод Монгол наадамдаа дэлгэр цэнгэлтэй, амгалан сайхан наадаарай!
Монгол Улсын Их Хурлын 2017 оны Хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.