Улаанбаатар хотын хүн ам 2010 онд 1.2 сая байсан бол 2020 оны байдлаар 1.6 болж өсөөд байгаа бөгөөд жилд дунджаар 2.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хотын хүн ам өсөхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо мөн өссөн бөгөөд нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 367,814-өөс 615,622 болж жилд дунджаар 6.7 хувиар өсчээ.
Хотын автозамын хувьд мөн 2010 оны байдлаар сүлжээний нийт урт 954.4 км байсан бол 2020 онд 1135.7 км болж жилд дунджаар 1.5 хувиар нэмэгдсэн байна. Хотын хүн ам, тээврийн хэрэгсэл болон автозамын сүлжээний өсөлтийн харьцаа алдагдаж өнөөгийн автозамын түгжрэлийг үүсгээд байна.
Мөн замын хөдөлгөөний дундаж хурд ойролцоогоор 8.9 км/ц ба түгжрэлээс үүдэн жилд дундажаар 2.7 их наяд төгрөгийн алдагдалд орж байдаг гэсэн тооцоолол гарсан. Нийслэл хотын хэмжээнд авто замын сүлжээний урт нь 1,135 км ба 100 км2 тутамд ноогдох сүлжээний урт нь 24.1 км/км2 байгаа бөгөөд энэ нь дэлхий бусад хотуудтай харьцуулахад маш доогуур үзүүлэлт болж байна.
“Авто замын түгжрэл гэж юу вэ?” Энэ асуултын хариулт нь маш энгийн бөгөөд тухайн нэг цагт авто замын сүлжээний нэвтрүүлэх чадвараас их хэмжээний тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход авто замын түгжрэл үүсч байдаг.
Энэ асуудал нь зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд бус дэлхийн ихэнх том хотуудад үүсдэг асуудал. Дэлхийн хөгжиж буй орнууд болох Хятад, Бразил, Мексик нь түгжрэлийг бууруулах талаар авто тээврийн хэрэгсэлд тавигдах татварын талаарх бодлогыг өргөн хүрээтэй хэрэгжүүлж байна.
Анх 1989 онд Мехико хот нь дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлсэн ба Сантиаго/1990/, Сан Пабло /1997/, Меделин /2006/, Бээжин /2008/, Нанчанг /2010/, Чанчунг /2010/, Ченгду /2012/ онд тус тус хэрэгжүүлж эхэлсэн.
Дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлэх нь түгжрэлд нөлөөлөх нөлөөллийн хэмжээ өндөр боловч давхар шинээр олгогдох авто тээврийн хэрэгслийн хэмжээг нэмэгдүүлдэг тул ихэнх орнууд нь шинээр олгогдох авто тээврийн хэрэгсэлдээ квот тогтоож өгдөг байна. Жишээ нь: Бээжин хот нь 2011 онд жилд 240,000 автомашинд шинээр дугаар олгох квот тогтоосон байдаг. Ингэснээр жил бүр 790,000 шинээр дугаар авч буй авто тээврийн хэрэгслийн тоог 173,000 болгож чадсан байна.
Жил | Хот | Квот | Гүйцэтгэл | Үр дүн |
1990 | Сингапур | Авто замын тогтвортой хөгжлийн дагуу тодорхой хэмжээгээр олгогддог | Хагас сар тутамд дуудлага худалдаагаар дугаар олгоно | Жил бүрийн тээврийн хэрэгслийн өсөлтийг 3% болгосон |
1994 | Шанхай | 100,000 | Сар бүр дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ өгсөн хэрэглэгчид | Бээжингийн тээврийн хэрэгслийн өсөлтийн 1/2-тэй тэнцэх хүртэл багасагсан |
2011 | Бээжин | 240,000 | Жил бүр лотто хэлбэрээр сонгон шалгаруулна | 2010 онд 790,00 аар нэмэгдсэн ба 2011 онд 173,000 болсон |
2011 | Гуяанг | 24,000 | Нэгдүгээр бүсчлэл рүү нэвтрэх зөвшөөрөл лоттогоор сонгон шалгаруулна |
Тээврийн хэрэгслийн эрэлтийн менежментийн бодлогыг хэрэгжүүлэх нь түгжрэлийг бууруулах гол үндэс нь болж байна. Дэлхий даяар дор хаяж 100 хот тээврийн хэрэгслийн эрэлтийн менежментийн бодлогыг төлөвлөж байна.
Европт 100 орчим хотод утаа бага ялгаруулдаг бүс (LEZs) төлөвлөсөн, бохирдсон тээврийн хэрэгслийг хориглосон, эсвэл тээврийн хэрэгслийн утаа тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд орохыг нь хориглосон газар, замыг төлөвлөсөн байдаг. Энэтхэгт Хот байгуулалтын яам нь Төрийн нарийн бичгийн дарга нарт түгжрэлийн үнийг сурталчилсан бөгөөд хэрэгжилтийг хэлэлцэж байна. Хятадад саяхан хийсэн цэвэр агаартай тэмцэх төлөвлөгөөнд Бээжин түгжрэлтэй авто замын татварыг нэмэгдүүлэх, утаа багатай бүсийг нэгтгэх бодлогыг нухацтай авч үзэж байгааг мэдэгдсэн.
Хөгжиж буй эдийн засагтай хотуудад тээврийн хэрэгслийн эрэлт хэрэгцээг зохицуулах цогц стратеги хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд байсаар байна, учир нь эдгээр хэрэгжилтийг зөвхөн хот суурин газрын хүчтэй институци, ихэвчлэн илүү хөгжингүй хотуудад байдаг тогтвортой хотын тээврийг дэмжих улс төрийн хүсэл зоригийн ачаар хэрэгжүүлэх боломжтой юм.
Гэсэн хэдий ч хөгжиж буй хотууд үнэгүй зогсоол, хувийн тээврийн хэрэгсэлд хязгааргүй нэвтрэх үнэ өндөр байгааг ойлгож эхэлж байгаа бөгөөд эцэст нь өргөтгөсөн зам, зогсоолын төлбөрийг ихэвчлэн татвар төлөгчийн зардлаар төлөх ба хувийн машинтай, эсвэл түгжрэл, бохирдол, хүлэмжийн хий, зам тээврийн ослоор нас барах, хөдөлгөөний идэвх буурах зэргээр нийгэмд ихээхэн хохирол учруулдаг.
Эдгээр бэрхшээлийг даван туулахын хэрээр автомашины хязгаарлалтын цогц системийг улам бүр олон хотод, ялангуяа хүн ам ихтэй, тээврийн хэрэгслийн хурдацтай өсөлт, замын орон зай хязгаарлагдмал хот суурин газруудад хэрэгжүүлэх болно.
Монгол Улсын хувьд авто тээврийн хэрэгслийн эрэлтийн менежментийн бодлого нь тодорхой түвшинд хүрч хэрэгжих нь түгжрэлийг болон агаарын бохирдлыг бууруулах үндсэн чиг үүрэг болох ёстой юм.