Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилга таван жилд нэг удаа болдог. Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол Covid-19 нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн жил хойшлогдсон бол энэ удаа Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолыг наймдугаар сарын 22-ны билэгт сайн өдөр зохион байгуулах юм байна.
Төрийн тахилгад төрийн тэргүүн эсвэл түүнийг төлөөлж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нь оролцдог уламжлалтай. Уламжлал дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцох мэдээ байна.
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд сүсэгтэн олон олноор зорин очдог. Энэ жил халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж цөөн хүн оролцуулахаар төлөвлөсөн аж. Тахилгын үед:
- Амьтны амь таслахгүй байх
- Хараал хэлэхгүй, хэрүүл хийхгүй байх
- Архи огт хэрэглэдэггүй, газар ухах мод огтлох, жимс ногоо, өвс түүх, усанд орохыг ихэд цээрлэдэг.
- Тахилгад өл халзан морьтой очдоггүй
- Бадархундага нуурт бүсгүй хүн ойртохыг цээрлэдэг
- Явган болон чулуун дээр сандайлж суудаггүй
- Муу зүйл хийхгүй байх нь чухал
- Тахилгын үед цагаан хоол идэх ёстой байдаг аж.
Мөн тахилгын үеэр Бадархундага нууранд хүмүүс хадаг өргөл, сэлт өргөдөг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд цэвэр мөнгөн эдлэлээс бусад зүйл өргөхгүй байх уриалгыг гаргажээ. Хадаг болоод бусад зүйлс нуурын усыг маш ихээр бохирдуулдаг бөгөөд сүсэгтэн олны буян заяагаа даатган өргөсөн усыг бохирдуулахуйц зүйлсийг нутгийн ард цэвэрлэх, эс цэвэрлэх асуудал тулгардаг байна. Иймд сүсэгтэн олон та бүхэн нуурандаа өргөх зүйл дээр маш их анхаарч хадаг өргөхгүй байх уриалга, мэдэгдлийг Завхан аймгийн засаг даргын тамгын газраас цахим хуудастаа гаргаад байгаа юм.