Афганистанд яг одоо өрнөж байгаа үйл явдлыг дэлхийн хэвлэлүүдийн анхааралд байсаар байна. АНУ-ын цэрэг тус улсыг орхин гарч эхэлснээс хойш Талибаны дайралт ширүүсч, Засгийн газраа буулган аваад байгаа.
Нийслэл Кабулыг талибанчууд эзэлсний дараа Хамид Карзай Олон улсын нисэх буудалд олон мянган афган иргэд цугларч эмх замбараагүй байдал үүсч, цэргийн нисэх онгоцонд хүмүүс олноороо дүүжлэгдсэн. Агаарт хөөрсний дараа дүрвэх бодолтой онгоцны гадаргуугаас дүүжлэгдсэн хүмүүс унаж нас барсан гээд аймшигт хэрэг явдал болсны дараа АНУ-ын нийгэмд Ерөнхийлөгч Жо Байденыг шүүмжилсэн хандлага ихэсч байна.
Жо Байден 20 жил үргэлжлүүлсэн АНУ-ын Афганистанд явуулсан дайныг зогсооход тохиромжтой цаг байгаагүй хэмээн өөрийгөө өмгөөлж байсан ч хэвлэлийн агентууд Ерөнхийлөгч Жо Байдены нэр хүндийг үнэлэх ажлаа хэдийнэ эхлүүлжээ.
Rasmussen компани гэхэд Жо Байденийн нэр хүндийн талаар цахим санал асуулга зохион байгуулахад АНУ-ын нийт хүн амын бараг тал хувь нь оролцож, үзэл бодлоо илэрхийлжээ. Үр дүнд нь оролцогчдын 27 хувь нь Ардчилсан нам болон Ерөнхийлөгч Жо Байденг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 54 хувь нь эсэргүүцэж буйгаа, тэр дундаа 45 хувь нь маш хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Судалгааны үр дүн Жо Байдены нэр хүнд сүүлийн хэд хоногт эрс унасныг харуулж байна. Мөн Цагаан ордны дотор ч гэсэн либерал, консерватив үзэлтнүүд аль аль нь Афганистанд болж буй үйл явдлыг бүтэлгүйтэл гэж үзэн эрс буруушааж байгаа аж. Род арлын төлөөлөгч Жим Лангевин “Наанадаж, Байден бидний афган холбоотнуудын өмнө 20 жилийн хичээл зүтгэлийг үгүй хийсэн өртэй. Тэр мөн АНУ-ын армийн цэргүүд, тэдний гэр бүл, ард түмний нөр их зүтгэл, золиосыг үнэгүйдүүлсэн буруутай” хэмээн мэдэгдсэн байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дээрх үйл явдлыг АНУ-ын түүхэн дэх хамгийн ичгэвтэр ялагдал хэмээн нэрлэж, Байденг огцрохыг шаардан мэдэгдэл хийж байв.