Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ)-ын дэргэд E-Mongolia академи байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Хиймэл оюун ухаан болон инновацын хөгжлийг турших, судлах, төрийн албан хаагчид болон иргэдийн цахим хэрэглээний боловсрол, тоон бичиг үсгийн хэрэглээний чадварыг дээшлүүлэх сургалт явуулах бүтэц шаардлагатай байгаа тул академийг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Дэлхийн улс орнууд ч ийм жишгээр явдаг гэдгийг ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.
Тэрбээр, “Төрийн үйлчилгээний E-Monolgia цахим системийг 1.9 сая хүн хэрэглэж байна. Энэ системийн баг хотын захын дүүрэг, хөдөө орон нутагт ажиллаж, гар утасаа ашиглаж төдийлөн мэддэггүй ахмад настан болон бусад иргэдэд сургалт хийж байгаа учраас хэрэглээ нэмэгдэж байна” гэлээ.