Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхойлдог инфляцийн түвшин нийслэлд энэ оны эхэнд 1.3 хувьтай байв. Гуравдугаар сарын 2 хувь, 5 дугаар сард 6.7 хувь болон нэмэгдэж, 6 дугаар сард 7.1 хувь болон өсжээ. Үүний 40 хувийг мах, шатахуун, хатуу түлш, машины үнийн өсөлт бүрдүүлж байгааг Монголбанкнаас мэдээлэв.
Цар тахлын үеэр улс орнуудын инфляц зорилтоосоо бага түвшинд байсан бол энэ оны II улирлаас огцом нэмэгдсэн нийтлэг дүр зурагтай байна. Дэлхийн инфляц энэ оны 1 дүгээр сард 2.1 хувьтай байсан бол 6 дугаар сард 4.1 хувьтай болж өсжээ. Инфляцын өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ, “Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг дагасан дотоодод нийлүүлж байгаа шатахууны үнийн өсөлт хамгийн их нөлөөлж байна. Энэ нь Монголд гэлтгүй дэлхий нийтийн инфляцид нөлөө үзүүлж байна.
Дээрээс нь хүнсний үнэ инфляцид нөлөөлж байгаа. Дэлхийн хүнсний үнийн индексийг харахад 30-40 хувийн өсөлт хамгийн бага түвшнээс дээшилсэн байна. Дэлхийн хүнсний үнийн индекс цар тахалтай холбоотой хямралын үеэс 20 орчим хувиар өссөн байна. Энэ нь бас манайд импортоор орж ирдэг дотоодын хүнсний үнэд нөлөөлж байгаа юм. Нөгөө талдаа, улирлын шинж чанартай буюу махны нийлүүлэлттэй холбоотой махны үнэ бас инфляцид нөлөөлж байна” гэв. Нийслэл Улаанбаатар хотын 6 дугаар сарын инфляцид голлон нөлөөлсөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний байдлаас харахад:
- Мах 18.5 хувь,
- Сүү, сүүн бүтээгдэхүүн 15.9 хувь,
- Нийтийн хоолны үйлчилгээ 14.1 хувь,
- Автомашины үнэ 12.8 хувь,
- Хатуу түлш 11.6 хувь,
- Шатахууны үнэ 8.7 хувийг тус тус эзэлж байна.
Инфляцын өсөлтийн 40 хувийг нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт бүрдүүлж байгаа учраас шууд мөнгөний бодлогоор шийдвэрлэх боломж хомс. Бодлогын хүүг чангаруулахаас илүүтэй хилийн боомтууд дээр үүсээд байгаа тээвэр, ложистикийн асуудлыг шийдвэрлэх нь үнийн өсөлтийг тогтворжуулах боломжтой гэв.