Төрийн ордонд өнөөдөр (2021.08.17) “Цар тахлын үеийн эдийн засаг – Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын уулзалт” боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 200 дахь хоногтой давхаж байгаа уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.
Засгийн газар эхний 100 хоногт цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд анхаарч, КОВАКС хөтөлбөр болон арилжааны шугамаар вакцин татан авч, иргэдээ дархлаажуулж эдийн засгаа нээхээр том бүтцээр ажилласан. Мөн 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийнхээ эрүүл мэндээс гадна эдийн засгаа сэргээх шинэ бодлого зарласан гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хүн амын 62.2 хувь нь дархлаажуулалт хамрагдаж, энэ үзүүлэлтээр дэлхийд 14 дүгээр байранд жагсаж байгааг мөн дуулгав.
Засгийн газар 200 дахь хоногоос хойш гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн түншлэлээр цар тахлыг даван туулахад онцгой анхаарна. Ардчилалд шилжсэн 30 жилийн хугацаанд эдийн засаг 10 дахин тэлсэн ч алдаа, оноо бий. Үүнд өөрсдөдөө дүгнэлт хийж засаж, залруулна гэж мөн мэдэгдэв. Эдийн засаг ямар байх, ямар бодлого баримтлах талаар хурдтай ажил хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчидтай мэдээлэл солилцож, стратегиа хуваалцах ёстой гэсэн гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн байна. Мөн Оюутолгой төсөлтэй холбоотой ТЭЗҮ-ийн маргааныг шийдвэрлэх талаар хэлэлцээ хэвийн үргэлжилж байгааг хэлээд, цаашид том төсөлд аудит хийж явах шаардлагатай байгааг тодотголоо.