Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын үйл явцтай өнөөдөр танилцлаа. Тэрбээр “1967 онд баригдсан цэвэрлэх байгууламж 500-600 мянган хүн оршин суух хотод зориулагдсан. Иймд 250 мянган шоо метрийн багтаамжтай цэвэрлэх байгууламж барихаар ажиллаж байна.
Бохир усыг хуримтлуулдаг усан сан баригдаад явж байна. Энэ ажлыг аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. 2024 онд цэвэрлэх байгууламжийг барьж дуусгана гэсэн зорилтыг тавьж байна. Холбогдох мэргэжлийн хүмүүс чанарын шалгалтыг үргэлж тавьж байх нь чухал.
Манай улсад бүтээн байгуулалтын ажлууд их хоцрогдож, үнийн өсөлт гээд хүнд үед салбарын хувьд тавьсан зорилгодоо хүрэхээр цэвэрлэх байгууламжаа хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Улаанбаатарчууд долоон эх үүсвэрийн гүний усаар ундны усаа хангадаг.
Дулаан, цахилгаан, цэвэр, бохирын эх үүсвэр, төвийн шугам сүлжээг бий болгосноор хотыг орон сууцжуулах ажилд холбогдох албаныхан анхааран ажиллаж байна. Цементийн үнэ манай улсад дөрвөн хувь өссөн. Бусад бүх барилгын материал гаднаас орж ирж байгаа.
Цэвэрлэх байгууламжууд хэд хэдэн үе шаттай байдаг. Одоогийн байгаа цэвэрлэх байгууламж лагийг гаргаад хатаадаг. Тиймээс үнэртдэг. Ашиглалтад орох цэвэрлэх байгууламжид лаг усгүйжүүлэх төхөөрөмж тавьсан. Хатаагаад шатаадаг болно гэсэн үг. Ингэснээр лагийн үнэрийг төгс шийднэ.
Хагас жил тутам ажлын хэсэг байгуулж Ус сувгийн удирдах газар, Барилгын хөгжлийн төвөөс ирж ажиллаж уялдааг хангах нь цаашид үр дүнтэй. Ашиглагч байгууллага одооноос ажлын үйл явцтай давхар танилцаж явах нь зөв” гэлээ.
Харин БНХАУ-ын талаас “Энэ оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн цэвэрлэх байгууламж барих ажлын явц төлөвлөснөөс бага зэрэг саатсан. Барилга угсралтын ажлыг яаралтай хийж, хугацаанд нь ашиглалтад оруулна.
Инженер техникийн ажилчид гээд 65 хүн хүн ажиллаж байна. 20 вагон арматур ачигдаад өнөөдөр наашаа гарч байгаа. Тээврийн зардал өндөр болсон нь бидний ажилд нөлөөлж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Лаг өтгөрүүлэгч усан сан, нарийн сараалж, орц гарцын ажлын явц сайн үргэлжилж байна
“Барилга байгууламжийн 40 хувь буюу 12 барилгын ажил эхэлсэн. Бүх барилга 9 метр өндөртэй. Монголд угсрагдаж байгаагүй хүнд арматур хийгдэж байна. Энэ жилийн угсралтын ажлыг 55 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьж байгаа. Дотоодын компаниудын дунд шуурхай бүтээлийн 100 хоногийн уралдаан зарласан. Бид аравдугаар сарын 15-н хүртэл ажиллана.
Лаг өтгөрүүлэгч усан сан, нарийн сараалж, орц гарцын ажлын явц сайн үргэлжилж байна. Хяналтын зардал гэж бидэнд байхгүй. Сангийн яаманд асуудлыг тавьсан ч энэ онд шийдэж өгөөгүй тул дахин хүсэлтээ тавина.
Саарал ус боловсруулах үйлдвэр Сонгино уулын зүүн талд 2024 онд баригдана. Ингээд ундны уснаас бусад бүх хэлбэрээр ашиглуулж болох усыг бий болгоно. Эхний ээлжид гарч байгаа саарал усыг гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын хөргүүрт ашиглана” гэдгийг төсөл гүйцэтгэгч багийн төлөөлөл хэлэв.
Төслийн талбайд Монголын талаас 450, БНХАУ-ын 65 ажилчин ажиллаж байгаа аж. Шинэ цэвэрлэх байгууламжийн ажлын явц 28 хувьтай үргэлжилж байна.
Ц.ТӨРХҮҮ: СААРАЛ УСЫГ УНДНЫ УСЫГ ХЭРЭГЛЭХЭЭС БУСАД БҮХ ЗҮЙЛД АШИГЛАНА
Тэгвэл Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Саарал ус цэвэрлэх байгууламжийг шинэ цэвэрлэх байгууламжтай уялдуулж барих ёстой. Саарал ус боловсруулах үйлдвэр Сонгино уулын зүүн бэлд баригдах юм. Хоногт 180 мянган м.куб бохирыг цэвэршүүлж, боловсруулах үйлдвэр юм. Эхний ээлжид гарч байгаа саарал усыг III, IV цахилгаан станцад нийлүүлнэ. Одоо бол тус хоёр станц хөргүүртээ цэвэр усыг ашиглаж байгаа. Ундны усыг хэрэглэхээс бусад бүх зүйлд ашиглах боломжтой юм. Бид 2016, 2017, 2018 онд цэвэрлэх байгууламжийн хур лагийг цэвэрлэсэн. Одоо бага үнэртэж байгаа, бараг байхгүй болчихсон. Дараагийн асуудал бол шинэ цэвэрлэх байгууламжийн асуудал яригдаж байна. Барилга, хот байгуулалтын сайд газар дээр нь ажиллаж, үүрэг чиглэл өглөө. Тэр чиглэл, үүргийн дагуу ажиллана. Хуучин цэвэрлэх байгууламж 60 гаруй ажил болчихсон. Орос технологиор баригдсан. Хүчин чадал нь хоногт 160-170 мянган м.куб усыг цэвэрлэдэг. Өнөөдөр Улаанбаатар хотод 1.2 сая хүн амтай. Хүн ам ихэссэн, хөрсний ус их, элбэг байна. 197.200 м.куб ус ирж байна. Тиймээс зайлшгүй шинэ цэвэрлэх байгууламж шаардлагатай байгаа биз дээ. Барилга, угсралтын ажил 30 орчим хувьтай явна. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон ч хуучин цэвэрлэх байгууламжаа хамт ажиллуулах юм. Ингэснээр хоногт 410 мянган м.куб усыг цэвэрлэх боломжтой болно” гэх мэдээллийг өглөө.