Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө гэр хорооллын 10 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлыг тусгасан.
Энэ төсөл амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар дүүргийн Захиалагчийн ажлын алба орон нутгийн өмчит тооцоот үйлдвэрийн газар 12 хорооны 220 өрхийг үнэ төлбөргүй стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болголоо.
Уг төслийг бүрэн хэрэгжүүлснээр Сонгинохайрхан дүүрэг хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох боломжтой юм. Энэ онд төслийн хүрээнд гэр хорооллын 25 хорооны 350 өрхийг үнэ төлбөргүй эко ариун цэврийн байгууламжтай болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Гэр хорооллын нэг өрх уламжлалт нүхэн жорлонг 15-с дээш жил ашигласан байдаг. Энэ нь тухайн орчны хөрс бохирдох хамгийн том шалтгаан болдог. Харин хөрсний бохирдлоос ангижрах хамгийн зөв бөгөөд хялбар шийдэл бол гэр хорооллын айл өрх бүр соруулдаг эко ариун цэврийн байгууламжийг нийтээрээ сонгон ашиглах юм.
Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн суурь өндөр нь хоёр метр 20 см байх бөгөөд агааржуулалтын хоолой болон муу ус асгах асуудлыг давхар шийдэж өгсөн давуу талтай. Мөн жилдээ нэгээс хоёр удаа соруулж ашиглах боломжтой.