Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн өмнөх авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
“Камдер” ХХК-ийн эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолоос тус компанийн эзэмшилд хамааралгүй газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл иргэн А.Базар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм. Уг нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэн тус шүүх хянан шийдвэрлэж дээрх шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших тус худалдааны төвийн өмнөх 584 ам метр бүхий тус талбайг чөлөөлөх хугацаатай үүргийг өгч, хугацаандаа биелүүлэхгүй бол албадан чөлөөлөх үүргийг нийслэлийн Засаг даргад өгчээ.
Тус худалдааны төвийн өмнөх машины зогсоолыг барихдаа төв замд нь тулгаж барьснаас тухайн хэсгээр явган болон дугуйтай, хүүхдийн тэрэгтэй хүн зорчихдоо машин замаар эсвэл худалдааны төвийн зогсоолоор явах хэрэгтэй болдог байсан. Харин шүүхээс уг талбайг чөлөөлөх ёстой гэж үзжээ.