ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж буй монгол оюутнуудын Ажлын хэсгээс “Ногоон коридор” үйл ажиллагааг өнөөдөр ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран зохион байгууллаа.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэн гадаад улс оронд сурах оюутан залуус их, дээд сургуульдаа сүүлийн 2 жил цахимаар суралцаж буй. Монгол Улсаас ОХУ-д 2020-2021 онд суралцах болон дипломоо хамгаалах төгсөх дамжааны оюутнууд Орост биеэр очин суралцах шаардлагатай байгаагаа илэрхийллээ.
Улмаар энэ талаар мянга гаруй оюутан гарын үсэг зурж, ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагт хүсэлт тавин уламжилсан юм. Ингэснээр ОХУ-д суралцах оюутнуудыг хил нэвтрүүлэх ажлыг “Ногоон коридор” нэрийн дор эхлүүлжээ. Тэдний хүсэлтийг “Россотрудничество” агентлаг хүлээн авч дэмжиж буйгаа ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгч А.Р.Базархандаев илэрхийлэв.
Энэ талаар тэр хэлэхдээ, “Цар тахлын улмаас манай 2 орны хил хаалттай байгаа энэ үед зарим оюутан сургуульдаа нэг ч удаа очиж үзээгүй, оюутнууд тухайн улсдаа суралцаж чадахгүй байгаа нь харамсалтай. Оюутнуудын гаргасан санаачилгыг дэмжин өнөөдөр та бүхний дуу хоолойг хоёр орны Засгийн газрын түвшинд сонордуулахын тулд оюутан залууст тулгамдсан асуудлыг шийдэж, хоёр улс хоорондын “Ногоон коридор” үүсгэх ажиллагааг хамтран зохион байгуулж байна” гэжээ.