БНХАУ-ын шүүх мансууруулах бодис хууль бусаар хил давуулсан хэрэгт холбогдсон Канадын иргэний цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ. Ажиглагчдын үзэж буйгаар, энэхүү шийдвэр нь Канадад баривчлагдсан Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирлыг суллахын тулд тус улсад үзүүлж буй шахалтыг нэмэгдүүлэх зорилготой бололтой байна.
Хятадын шүүхээс Канадын иргэн Роберт Шелленбергт 2019 оны нэгдүгээр сард цаазаар авах ял оноосон бөгөөд тэрбээр давж заалдах хүсэлт гаргасан юм. Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Дээд шүүх мягмар гарагт, доод шатны шүүхийн дүгнэлт тодорхой байгаагаас гадна түүний эсрэг хангалттай нотлох баримт бий хэмээн мэдэгдээд, давж заалдах хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Канадад өнгөрсөн лхагва гарагт Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын талд шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцэх эцсийн шатны шүүх хурал эхэлсний дараа дээрх шийдвэр гарсан байна.
Канадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд М.Ваньжоуг 2018 онд АНУ-ын шилжүүлэн өгөх тухай хүсэлтийн дагуу баривчилсан юм. Харин Хятадын тал түүнийг нөхцөл болзолгүйгээр суллахыг шаардаж байгаа билээ.