Манай сонин одоогоос таван жилийн өмнө “Өндөр дэнж”-ийг өөрчилье хэмээн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийг тойрсон дэд бүтцийн хөгжлийн асуудлыг хөндөж байв. Тухайн үед “хотын төвийн хогтой дэнж” гэх шүүмжлэл олон нийтийн дунд бас өрнөж байсан юм.
Гудамж болгоны өнцөгт “Дэн буудал” үүрлэж, бараг хашаа болгонд “Нийтийн байр” баригдаж, утаа, угаадас, хогоор дүүрсэн гэр хороолол өнөөг хүртэл өөрчлөгдсөнгүй. Гандантэгчинлэн хийд орчим түүхэн дурсгалт газар учраас шашин соёлын төв болгон хөгжүүлэхээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа гэх ч дорвитой шинэчлэл хийсэнгүй.
Нийслэл хотын салхин дээрээс өмхийгөөр сан тавьж ирсэн Бурхан шашны төвийг тойрсон асуудал урьдын хэвээр. Нэмэгдсэн зүйл нь тав алхаад авто угаалгын газар, машин засварын төв бий болжээ. Авто машин засвар, угаалгын төв нэг газарт хэд байх вэ, хоорондын зайн стандарт гэж алга. Зөвхөн хүнсний дэлгүүрийн стандарт гэж байхаас бусад газрынх бүрхэг, архи зардаг дэлгүүр л гэхэд нэг гудамжинд өчнөөн байх нь хэвийн үзэгдэл болжээ.
Дээрх дүр зургаас үзэхэд тус газарт ямар ч хууль үйлчилдэггүй, дүрэм журамд захирагддаггүй мэт. Тус газрын зөвшөөрлийг хэн мэдэж, ямар замаар өгөөд байдаг нь ихээхэн анхаарал татна. Хэн юу дуртайгаа барьж байгаа нь Нийслэлийн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтөд хэрхэн нөлөөлж байдаг юм бол гэсэн асуулт энд зүй ёсоор тавигдах ч “Иргэд өмчилсөн газраа юу барих нь өөрсдийнх нь эрх” гэдгээс өөр хариулт үл олдоно.
Уг нь Гандан орчмыг цэгцэлье, түүхийн дурсгал бүхий цогцолбор байдлаар хөгжүүлье. Цогц байдлаар хөгжүүлэхэд анхаарч ялал жуулчлалын төв эсвэл түүхийн дурсгал-орчин үеийн барилга хосолсон байдлаар бүтээн байгуулалт хийнэ гэсэн санал, санаачилга гарч байсан. “Гудамж” төсөл хэрэгжүүлж, гэр хорооллыг дахин төлөвлөнө гэж байв.
Мөн нэг загварын амины орон сууц бүхий хороолол болгоно. Ингэхдээ шашин соёлын төв гэх уламжлалыг хадгалж, гурван давхар бүхий есөн метрээс дээш барилга барихгүй гэх шийдвэрт хүрснийг иргэдэд танилцуулж байсан нь саяхан.
Гэтэл сүүлийн үед Гандангийн дэнжид 5-6 айлын газрыг нийлүүлж аваад хорих ангийн хашаанаас ч өндөр блокон хашаа барьж эхэлжээ. Хот доторх хашаа, хайсны стандарт 80 см-2 м байх ёстой атал түүнийг зөрчсөн дээрх блокон хашаан дотор хэн юу хийж байгааг мэдэх боломжгүй юм. Харин гамшиг осол болоход эмнэлгийн тусамж, гал унтраах машин орох орц гарцыг хааж, хажуу хавирганы айлууд нь байрандаа засвар хийхэд хүндрэлтэй болсон тул оршин суугчид нь бухимдах болжээ.
Гурван метрийн өндөртэй блокон хашаа баригдаж байгаа газар нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандантэгчилэн хийдийн зүүн захын гудамж юм. Энэ хэсгийг Орхон гэж нэрлэдэг бөгөөд гэр хорооллын гудамжуудыг Орхоны төд хэмээн дугаарладаг аж. Гандангийн дэнжид хэрэгжсэн ганц хоёр төсөл нь зөвхөн нүүрэн талын цөөн гудамжинд үйлчилснээс Орхон талын хэсэгт ямар ч дэд бүтэц, цэвэр бохирын болон дулааны шугам сүлжээ байхгүй.
Түүний наад талд нь Гэсэр сүм оршдог. Дундуур нь III IV хороолол руу өгсдөг авто зам бий. Энэ хэсэг тэр чигтээ машин засвар, авто угаалгын газар болжээ. Иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулаад буй гурван метрийн өндөртэй блокон хашаа мөн энэ хэсэгт баригдаж байгаа аж. Тус хашаа үндэсний хувцас үйлдвэрлэлийн “Ур Ундрах” компанийн байрны нарыг хаагаад зогсохгүй, бусад айлын орц гарцыг ч мөн хаажээ.
“Гандангийн дэнжийг шашин соёлын төв гэсэн цогцолбор байдлаар хөгжүүлээсэй”
-“Ур Ундрах” компанийн захирал А.Алтантуяагаас энэ талаар тодруулахад “Манай улс мөсөн гулгуурын талбай хүртэл байгуулж болоод л байна. Гэтэл олон жил ярьсан Гандангийн дэнжийг шашин, соёлын төв” гэсэн цогцолбор байдлаар хөгжүүлээсэй. “А” зэрэглэлийн бүсэд байгаа, ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байгаа түүхийн дурсгалт газраа хамгаалах талаар яагаад алхам хийхгүй байна вэ.
Сүсэгтэн хүний хувьд ч, үндэсний өв соёлыг хадгалж тээж, түгээн дэлгэрүүлж яваагийн хувьд ч би ийм л бодолтой байдаг. Энэ олон авто угаалга, машин засварын төвөөс газрыг нь чөлөөлөөсэй. Машин үйлдвэрлэдэггүй орны зовлонг би ойлгож байна. Тийм газрууд байж болох ч заавал шашин соёлын төв байгаа газарт бөөгнөрүүлж эрх өгдөг байж боломгүй. Үүнийг хянадаг, шалгадаг, зохицуулдаг газар гэж алга.
Манай хашааны яг хажууд л гэхэд хотын төвийн хашаа, хайсны стандарт зөрчөөд гурван метрийн өндөртэй блокон хашаа барьсан байхад Мэргэжлийн хяналтын газраас ирсэн шалгасан юм алга. Бас хоорондоо 80 см хүрэхгүй зайтай байшин барьчихсан. Нар хааж, амьдрах орчныг доройтуулж, хүний аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байна.
Сонгууль болгоноор нэр дэвшигчид нь ч, улс төрийн намууд ч иргэд, оршин суугчидтай уулзаж олон сайхан амлалт өгдөг. Гарчихаад тэрийгээ биелүүлдэггүй. Газрын болон үйлдвэр, үйлчилгээний газар байгуулах зөвшөөрлийг хаанаас өгдөг вэ гэж би олон газраас асуусан, дүүргээс, Мэргэжлийн хяналтын гараас.
Эцэст нь Улаанбаатар хотын захирагчийн алба зөвшөөрөл өгдөг гэсэн хариу сонссон. Гандангийн дэнжийн хөрсний бохирдол хэрээс хэтэрсэн. 00-ийг соруулдаг айл цөөн. Ихэнх айл хашаагаа тойруулж жорлон, муу усны нүх ухсаар орчны аюулгүй байдал хэрээс хэтэрсэн. Эрүүл аюулгүй амьдрах баталгаа алга боллоо” гэв.
Ж.Булгантамир: Өөрийн эзэмшлийн газрыг хэрхэн ашиглах нь хувь хүний эрх
-Хотын хашаа, хайсны стандарт зөрчигдсөн асуудлаар бид Баянгол дүүргийн 16 хорооны зохион байгуулагч Ж.Булгантамираас тодруулсан юм. Тэрээр “Хувь хүн өөрийн газар дээр юу барих, хэрхэн ашиглах нь тухайн хүний эрх. Харин бусдын эзэмшил дээр барьсан, өөрийн газраас хэтрүүлж өөр айлын газар руу оруулж барьсан бол асуудал үүснэ. “Ур Ундрах” компани гомдол ирүүлсэн.
Гэвч хажууд нь барьсан тэр хашаа хувь хүчний эзэмшил. Би Мэргэжлийн хяналтын газраас энэ талаар асуусан. Өндөр хашаа барьж байгаа бол өмнө нь яагаад арга хэмжээ аваагүй вэ. Нэгэнт барьсан хашааг бид яах ч аргагүй, нийслэлд ханд гэсэн. Тийш нь албан бичиг явуулсан. Хүмүүс ирж үзсэн, яг асуудал хариуцсан ажилтнууд биш цааш нь дамжуулж хэлнэ гээд явсан юм билээ, одоогоор хариу өгөөгүй байна” гэв.
Гандантэгчинлэн хийд орчмыг шашин, соёлын төв болгох ажлууд яаж хэрэгжиж байгааг асуухад тэрбээр “Энэ ажил шат дараатай явж байгаа. Харин газар нь иргэдийн өмч байгаа нөхцөлд тухайн хүмүүс өөр өөрийн газрыг түрээслэх юм уу, ямар нэгэн обьект барьж амьдралаа залгуулж авч явж байгаа гээд асуудал их байдаг.
Машин угаалгын газар л гэхэд хэт олноор нь байгуулах буруу. Гэвч хувь хүний өмч учраас бид шаардлага тавих боломжгүй. Цаанаас нь зөвшөөрөл өгсөн байхад наана байгаа бид яах ч аргагүй. Нэг иргэний гомдлоор олон байгууллагыг хаах бас боломжгүй байдаг” гэлээ.
Нийт 55 га талбайг хамардаг Гандангийн дэнжийн гэр хорооллын 31 гудамжны 857 хашаанд 1857 өрх оршин сууж, 65 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик хоёр жилийн өмнө гарчээ. Жорлон ухах газаргүй болсон Гандангийн нэг гудамжинд л гэхэд 60-70 нийтийн түрээсийн байр байдаг нь ердийн үзэгдэл болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа аж.
Тэгсэн атал иргэдийн нийгмийн асуудлыг шийдсэн өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль барьсангүй. Эсрэгээрээ нийтийн түрээсийн байр, дэн буудал олширч, түүнийг дагасан гэмт хэрэг, хулгай, биеэ үнэлэлт газар авлаа гэсэн мэдээллүүд газар авчээ. Тулгамдсан асуудлыг асуух гээд очиход Гандан орчмын гэр хорооллын үндсэн иргэдийн олонх нь олдоггүй юм байна.
Хашаа, байшингаа түрээслэчихээд яваад өгчихсөн, орлого олж байгаа атлаа дүүрэгтээ татвар төлдөггүй, эргэх холбоо байдаггүй. Тэгсэн хэрнээ дахин төлөвлөлтийн асуудал ярихаар гэнэт гарч ирээд хашааны газраа дааж давшгүй их мөнгөөр зарна гээд тулгачихдаг гэдгийг холбогдох албаныхан ярьж байлаа. Хашаандаа амьдарч байгаа иргэд нь гомдол саналаа хэлэхээр тоож сонсдог газар ховор гэнэ.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин