Герман улсын хүн ам коронавирусийн шинжилгээ үнэ төлбөргүй авдаг, шинжилгээг төсвөөс санхүүжүүлдэг байснаа зогсоож байна. Энэ шийдвэрийг канцлер Ангела Меркель 16 мужийн Ерөнхий сайд нартайгаа зөвлөлдөн гаргасныг Deutsche Welle мэдээлжээ.
Ийм шийдвэр гаргах болсон нь иргэдээ аль болох олноор нь вакцинд хамруулах гэсэнтэй холбоотой. Үнэгүй шинжилгээ аравдугаар сарын 11-нээс дуусгавар болно.
Засгийн газраас нь вакцинжуулалтыг сайшаан дэмжих ёстой. Тиймээс тарилгад хамрагдсан иргэдэд COVID-ын зарим хязгаарлалтыг цуцална гэж Ангела Меркель мэдэгджээ. Түүнчлэн халдварын шинэ тохиолдлын тоо вакцин хийлгээгүй хүмүүсээс болоод өсөж байгааг Меркель тэмдэглэв.
Аравдугаар сарын 11-нээс хойш иргэд шинжилгээгээ бие даан төлбөртэй өгнө. Харин эмнэлгийн заалтаар вакцинжуулалтад хамрагдах боломжтой иргэд, хүүхдүүдийг үүнээс чөлөөлөх аж.
Эх сурвалж: Mignews.ru