Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 багийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт өвчин тархаад байна. Өнөөдрийн байдлаар голомтын бүсэд 59 өрхийн 24917 тоо толгой мал, сэжигтэй бүсэд 47 өрхийн 28270 тоо толгой мал байгаагаас 1986 тоо толгой малд шүлхий өвчин халдварлаад байна. Үүнд үхэр 4, ямаа 879, хонь 1103 байна.
Эрдэнэдалай сумын захиргааны зүгээс гурван голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоон 10 пост, эргүүлийг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилон ажиллаж байгаа бөгөөд мал амьтны гоц халдварт өвчний тархалтыг зогсооход иргэдийн оролцоо чухал байгааг дурдаж байна. Иймд иргэд та бүхэнд мал, амьтны шүлхий өвчний талаарх мэдээллийг хүргэж байна.
Шүлхий өвчин гэдэг нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусийн гаралтай гоц халдварт өвчин юм.
Халдвар дамжих зам: Өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үрийн шингэнээр гадагшилсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас зэрэг нь халдвар тараах эх үүсвэр болдог. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус нь агаар дуслын замаар алс хол зайд халдварлах боломжтой.
Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь ихэнхдээ 3-5 хоног ба заримдаа 21 хоног байдаг. Шүлхийгээр өвчилсөн мал амьтны ам, хамар, буйл тагнай, завж, хэл, дэлэн хөх, турууны арьсанд шүлхий, яршил үүсэх, доголох ус тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Иргэд: Мал эмнэлгийн байгууллагад өвчний сэжиг илэрсэн тухай шуурхай мэдэгдэж, малын хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахиж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх. Мөн иргэд онцын шаардлагагүй бол шүлхий өвчин гарсан нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Эх сурвалж: Дундговь аймгийн Онцгой байдлын газар