Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран сүм хийдийг тоносон бүлэг хулгайн хэрэг илрүүлжээ.
Наймдугаар сарын 9-нд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Хархорин сум дахь хийдэд хулгай орж, Майдар бурхан гурван, Богд зонхов бурхан хоёр, Өндөр гэгээн Занабазар бурхан нэгийг, нийт зургаан ширхэг бурхан алдагдсан дуудлага, мэдээлэл иржээ.
Хэргийг мөрдөн шалгахад хулгай болон дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан иргэн Ж, Б нар нь П, Б, Т гэх этгээдтэй хамтран бурхадыг бүлэглэн хулгайлсан болохыг тогтоожээ. Мөн эдгээр хүмүүс Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг сүм хийдэд нэвтрэн шашны эд зүйл хулгайлсан. Нийтдээ зургаан удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоожээ.
Тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах санал гарган Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт хүргүүлжээ. Сүм хийд, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцсэн камержуулалт суурилуулахад анхаарч харуул хамгаалалт, хөршийн холбоогоо сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.