БЗД-ийн 16 дугаар хороо, Хавдар судлалын үндэсний төвийн хойд талын 59 гараашийг албадан чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэлжээ. Тус газарт ХСҮТ-ийн эрчимт оношилгооны лаборатори барихаар төлөвлөж буй талаар албаныхан мэдээлэл өглөө.
“Нийслэлийн Засаг даргын 2021 оны 250 дугаар захирамжийн хүрээнд БЗД 16 дугаар хороо, Хавдар судлалын үндэсний төвийн хойд талын 59 гараашийг албадан чөлөөлж байна. Ингэснээр энэхүү газарт ХСҮТ-ийн эрчимт оношилгооны лаборатори баригдана.
Монгол Улс дэлхийд хавдрын эрсдэл өндөртэй орны тоонд ордог. Хавдрыг эрт үед илрүүлэх мэргэжлийн томоохон лаборатори байхгүйтэй холбоотой. Тиймээс энд манай улсын бүх иргэдэд ач холбогдолтой лаборатори баригдах учиртай. Дөрвөн удаа шаардах хуудас өгөөд өнөөдөр гараашуудыг албадан чөлөөлж байна. Гарааш эзэмшигч иргэд газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байсан учир ямар нэгэн нөхөн олговор олгох боломжгүй.
Гараашийн дотор байгаа эд зүйлийг авахаар ирсэн иргэдэд хүлээлгэн өгч, авч амжаагүйг нь цагдаа байлцуулан протокол хөтөлж, журмын хашаанд хүргэнэ. ХСҮТ-ийн эрчимт оношилгооны лабораторийн зураг төсөл нь гарсан” гэсэн мэдээллийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас өгөв.