Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан. Дээрх орон сууцны барилгын дундах 0.2 га талбайд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан “Марта Грийн” ХХК тус газраа барилга барих гэж байсныг Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд газар дээр нь ажиллан, барилга бариулахгүй байх шийдвэр гаргасан юм.
Ингэхдээ газрын эрхийг цуцалж, холбогдох хууль, дүрэм журамд нийцүүлэн, оршин суугчдын саналыг тусгаснаар ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийх үүрэг өгсөн байдаг.
Тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 автомашины зогсоол, явган хүний зам, тоглоомын талбай бүхий иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан ногоон байгууламж бий болгожээ.
Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” компани өнгөрсөн тавдугаар сарын 23-наас тохижилтын ажлыг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС